Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Сүнсгүй Монгол


Аав нь охиныхоо захиаг уншаад

Амар ойлгохгүй гайхаж сууна даа

Юу гэсэн үг юм бол доо

Юуг хүлээгээд байгаа юм бэ?

         Ээж нь та хоёрыг авч явж чадах ёстой баймаар даа

         Эргэшгүй сэтгэлээр ийм ч юм хийх гэж дээ

         Аавыг нь тусласангүй гэж ээж нь хангинаад

         Алаг үрсийг минь зовоож байгаа даа

Олон жилийн өмнө ээж чинь гэнэтхэн:

“Одоо би баяжлаа, чи надад хэрэггүй.

Харьд ажил хийж олсон байрыг чинь өгөхгүй.

Хайртай хүүхдүүдээ эд хөрөнгөтэйгээ чи авч чадахгүй” гээд

        “Чамайг ДОХ тусаад үхэж байгаа” гэж

        Чиний хоёр хүүхдэд хэлнэ гэлээ

        Үнэхээр ч та хоёрт минь ингэж хэлснийг

        Өөдөсхөн охин байхдаа чи сонссоон

Ааваас нь холдуулах гэж сэтгэсэн

Арга нь барагдсан л зүйл дээ хөөрхий

Алтан ургийн минь тасархай болсон

Амьдралын минь ширхэг шүү дээ миний үрс

         Харин энэ өдрөөс хойш аав нь

         Хайрын сэтгэлээр үхчихжээ гэмээвч

         Уймарч гайхсан хүмүүний эргэлзлээр

         Ухаан бодлоо хөвчлөн тэллээ

 

Даанч тэр үед та хоёр минь нялх байж дээ

Даруухан хэлэхэд ийм л байлаа

Энэ л бодлоор сэтгэлээ тайвшруулж

Эргэх дэлхийдээ сөгдөн уналаа

       Амьсгал авахад агаар хүнд байлаа

       Амьдралаа бодоход бие хүнд байлаа

       Ах дүүдээ хэлэхэд санаа нь хэцүү байлаа

       Амьдарна гэхэд сэтгэл дутаж байлаа

Уг нь би ээжид нь Америкт байр авах тухай л дурссансан

Улмаар хоёр хүүгээ биедээ авч сургуульд өгөх гэсэнсэн

Холын хол суугаад ажиллаад байвал сэтгэл зүрх ч холддог юмуу

Халхын нутагт шуламын сэтгэл л ургаад байдаг ч юмуу

       Ийм хачин юм амьдралдаа үзээгүй байсан юмсан даа

       Инээхэд хэцүү, уйлахад хайран энэ үед архи уултай ч бишдээ

       Хажууд минь амьдрал буцлан жирэлзэнэ

       Харийн боссууд ажлаар шахан цаг зав олдомгүй эрээлжлэнэ

Юу болоод байгааг үз гэж Буянаа дүүгээ явууллаа

Ердөө зугтаагаад уулзалгүй цагдаа хамгаалалт авч гэнээ

Баттулга дүү нь тэнд миний хөрөнгөн дээр босс болчихсон

Барьж аваад шоронд хийнэ гэж айлгаж байна гэнэ

       Аав нь дүүгээ дахиж битгий уулз гээд буцаачихсан юм

       Амьдрал богинохон шүү дээ, эвий Буянаа дүү минь

       Харьд суугаа надад тэр мөнгө хэрэггүй биз дээ

       Хайрын сэтгэлээр та нартаа л зориулсан юм шүү дээ, авч үз гэсийм

 

Дөнгөж тэр үед би хаус авах гээд кредитээ өсгөхөөр

Дөчин мянган ногооны зээл хийчихсэн байсан юмсан

Даруухан байж зургаахан сар төлөөд кредитээ босгож

Дарж дуусгаад хаус авъя гэж бодсон юмсан

        Нэгэнт амьдрал иймдээ тулсан болохоор

        Нэмж мөнгө хаанаас олдох билээ дээ надад

        Дамбий дүүгээс нь очиж гуйлаа

        Дарж төлөөд үүнийг өөртөө аваач гэлээ

Хүний хүү хүрэн бөөртэй

Хөрст дэлхий алаг нүүртэй

Өчигдөр би баян байсоон

Өнөөдөр ингэж бусдаас гуйх болжээ

       Алаг дэлхий эрчээ аван эргэлдэнэ

       Амьдрал минь доголон нулимстай эрээлжлэнэ

       Сөнөж устах ёстой байсан би

       Сөхөрч бүдрээд шүд зуун өндийжээ

Алдаа бүхэн сайн муу хоёр гарцтай

Амьдралд хатуужил гэдэг ганц дөрөөтэй

Эрээн цаасыг би дахиад бүтээж чадна гэж мэдэх билээ

Эрч хүчээ хаанаас авахаа л мэдэхгүй байлаа

      Ногоон дэлхий дөрвөн удаа өнгөө сольж

      Наадмын дэвжээнд начин төртөл эргэлджээ

      Хүний хүү өвдгөө шороодон газар унасан л бол

      Хүчээ аван аварга болно гэж хаана байх билээ дээ

 

Дөрвөн жилийг ардаа орхин зүтгэвч

Дөчин мянган ногооны зээл ачаа болон түүртэнэ

Хайртай үрсээ асууж сураглая гэвч

Хагарсан сэтгэл зүрхийг өвтгөн намайг үхүүлнэ

      Эрээн хорвоо эргэлдэн бүжиглэнэ

      Энхрий үрс минь зүрхэнд эргэлдэнэ

      Шүлэгээ тэрлэн сэтгэлийг шатаан сүйтгэхүйд

      Шүүрлийн нулимс хацар даган нүүрийг минь угаана

Охин минь чи нас бие гүйцээд том болжээ

Оюутны солилцоогоор Солонгост ажиллаж сурч байна

Одоо л чи аавынхаа яаж зовж та нартаа мөнгө явуулсныг

Олж харж биеэр үзэн мэдэрч байгаа байх даа

       Магадгүй миний охинд хэцүү байгаа

       Маш их аз таараад гайгүй ч байж болох л юм

       Гэхдээ наадах чинь хүний л ажил

       Гэртээ байсан бол өөр ажил шүү дээ

Сохор зоосны үнэгүй амьдрал үргэлжлэнэ

Сольж холиод ч нэг л хүрдэнд би бүжиглэнэ

Аавд нь энд их мөнгө хэрэггүй дээ

Архи уугаад ч нэг шилээс илүү даах биш дээ

      Гэхдээ л аав нь хүн шүү энэ нутагт

      Гэрт үлдсэн та хоёр минь ч хүмүүс болно шүү дээ

      Ямартай ч би амьд явъя даа

      Нялх үрс минь намайг мэдэж байг дээ

 

Алтан ургын үрс шүү дээ

Амьд явах нь л чухал биз дээ

Миний монголын үрс шүү дээ

Мэнд байх л дээр байлгүй дээ

       Хоосон ядуугийн ялгаа тодорсоор

       Хожимийн ирээдүй гадаадад тэнүүчилсээр

       Сэтгэл зүрхнээс Тэнгэр холдсоор

       Сүнсгүй монгол гэртээ хоргодсоор

Аав нь хэрвээ байгаагүй бол

Адгалж охин минь хэндээ бичих билээ

Энхрий үрс минь ээждээ эрхэлсээр

Эрвийж дэрвийтлээ том болж дээ

       Хайртай ээж чинь байгаагүй бол

       Хайрыг хэнээсээ амтлах билээ

       Хүний хүнээс тэр л хайрыг

       Хүсээд гуйгаад ч олохгүй шүү дээ

Аав нь хэдий тусдаа амьдравч

Алт шиг ээжийгээ хайрла даа үрс минь

Хорвоогийн хатууг өнчирч туулах болсон ч

Хоёр үрийг минь Мөнх Тэнгэр харж байгаа

       Дүү нь энэ жил сургуульд ороо юу

       Дөнгөж төлбөрийг нь аав нь явууллаа

       Хорвоогийн нөгөө өнцгөөс бондгор охин минь

       Хайрын сэтгэлээр дүүдээ тусал даа

 

Боржигин Самбуугийн Болдбаатар 

 

                                   2010 оны 9 дүгээр сар 2,  18:12


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-09-03 өдөр 09:48
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Монголчуудын ахуй амьдралыг энгийн хэлбэрээр айхтар бичжээ. Таны блог байдаг бол би заавал зочилно. Баярлалаа.
Бичсэн: Болдбаатар (зочин) 00:20, 2010-10-02 | Холбоос | |


юу гэж бичихээ мэдэхгүй байна. Би 1990 оноос хойшхи амьдралыг бодохоор сэтгэлд нэг л эвгүй. Учир нь ямар ч олон айл голомтгүй боллоо, ямар ч олон хүүхэд гудамжинд гарлаа, ямар ч олон залуус гадагшиллаа, манайх ч ямар ядуу байлаа. Би хар дарж зүүдэлхээрээ тэр ядуу үе зүүдэнд ордог юм. Ах минь юу ч гэсэн хүүхдүүд чинь сайн сайхан явж байгаа юм байна даа.
Бичсэн: dadido 00:18, 2010-10-02 | Холбоос | |


... нэг гурван цаг
Мөч өнгөрч,
нэг л мэдэхэд
Миний үс
Хонин жилийн өвлийн
Дэрсний үзүүр шиг цайрч
Хоёр нэгээрээ унасаар
Хэл үл өвтгөх буйлаа хавирахад
Хаа нэгтээгээс
Өө!
Хоосон чанарын ертөнцөө гэн
Хоромхон замхрах дуун гарав.

Энэ Торлогтойн хөндийд өвөө, эмээ хоёр ажин түжин амь зуулгаа залгуулж, үр удмаа амьдралын дөрөөнд гишгүүлж, айл гэр болгон алсын замд үдсээр хөөрхийс даруй нэг жарныг элээсэн гэнэм. Тэр хоёр ийн ярилцах ажгуу:
-Би чиний урд орвоос азтай. Сэтгэлийг хөрвүүлвээс хэрэв чи үлдэж хоцроод араас минь зул өргөх ахул аргагүй надад хайртай юм гэж сүнс минь баясна гэх юм.
Алс холоос азай буурлууддаа хүү, бэр нь бус ач би ад, эдийн явдалд шигшигдэн энэ хоёртоо ирж тулгын гурван чулуу шиг явган ширээ тойрон суугаад хавирга мөлжих зуур өвөөгийн үлгэрийг эмээгийн үглэлтэй сонссоор амныхаа тосыг арчих завдалгүй давсандаа явахад минь хоёр хөгшин булаалдан зулай үнэрлэхийг нэгэн эгшин мэдрээд улаан тамхи таатай ханхлах өвөөгийн цээжинд хошуугаа шургуулан айлын жаахан охин Болорт эрвээхий барьж өгөөд уйлууллаа гэж нэгэнтээ зүүдлээд сэржээ.
Сэрэхэд тэр хоёроос минь үлдсэн зөвхөн ганц зүйл болох хуучирч, шарлангуй өнгө суусан ч миний чадлаараа урласан жаазан дундаас гэрэлтэх өвөө, эмээ хоёр минь. Гараа тэмтчин явуулсаар тамхиа олж, шүдэнз зурлаа. Одоо хүү нь унтая даа.
* * *
Өвөө минь амтархан сонсоно. Миний бага насны үлгэр.
Нэгэн өвгөн ач хүүтэйгээ морин тэргээр явж байж гэнэ. Тэгээд орой болсон тул тэр хоёр тэнгэр рүү нисэв. Тэнд нэг хөх од байлаа. Тэр хөх одон дээр хөх уулын хөх ойд хөх навчтай хөх мод ургажээ. Бас хөх жимснүүд бөнжийнэ. Өвөө ачдаа хамгийн том хөх жимсийг нь авч өглөө. Гэртээ ирээд хөх жимсээ задалтал хөх үлгэр гарч ирээд зугтаахаар нь та бариад авсан тиймээ өвөө?
Өвөө нь хөх үлгэрийг ярьж, хүү түүнийг элгэндээ тэврээд өвөөгийнхөө хажууд нойрслоо.
Бороо ороод л байв. Гэр дотор ч бороо шиврэнэ. Харин энэ бороо хувцас үл норгох агаад дуслууд нь хув хуурай. Хуурай борооноос хувингаар хутгаж аваад толгойгоо дүртэл сэрээд дэр нойтон. Ач хүү босож насанд хүрээд Дорж гэдэг залуу болон өвөө, эмээ хоёрынхоо зургийн өмнөх зулыг сэргээгээд,
Хотод ирэв. Түүний суусан машин хонх ёнх болсон хожим мэдэхнээ хуучин "Москвич" байсан атал өвөөгийнхөө морин тэрэгнээс өөр дугуйтай юманд сууж үзээгүй түүнд их тансаг байсан. Хот ч их сүрлэг, захгүй их хашаа, барилгууд нь Доржийн хувьд Торлогтойн уулсаас ч өндөр.
Анх Зайсан толгой дээр завилж суугаад хотыг харахад дүн өвөл дүнсийж байснаас ч тэр үү, сонингийн цаас базаж, тасчиж шидээд дээгүүр нь өвөө нь галзуу улааныхаа утааг үлээж орхисон мэт хачин сонин сааралтаж нүүгэлтэж харагдсан сан.
Тэр үеэс одоог хүртэл бүх юм нь хачин, хүмүүс нь сонин гурвалжин, дөрвөлжин толгойтой, сахалгүй эмэгтэй хүний, сахалтай эрчүүдийн энэхүү толгойнууд бүгд дасаагүй санагдсаар байгаа нь өөрөө бөв бөөрөнхий толгойтойгоос тэр буюу.
* * *
-Ааваа үлгэр ярьж өг!
-Миний хүү өвөө дээрээ очоод яриулаарай.
-Үгүй ээ, одоо, намайг явахаас өмнө. Тэгэх үү?
-За одоохон. Чи бид хоёр гадаа зогсож байж гэнэ. Тэгтэл нэг үлгэр гүйгээд явж байлаа. Хойноос нь хөөгөөд бариад авсан чинь дотор нь нэг лууван байв. Харин тэр лууванг хэн барьж байсан гээч?
-Туулай.
-Яг зөв туулай. Харин тэр зугтаж явлаа. Хэнээс зугтаж явсан гээч?
-Чононоос.
-Бас зөв. Чоно ч гэсэн зугтаж явсан. Хэнээс гэдгийг мэдэх үү?
-Мэдэхгүй ээ.
-Анчинаас. Анчин буутай байлаа. Буудлаа. Тэгэхээр нь чи бид хоёр сумыг нь ингээд фүү гээд үлээчихсэн чинь сум нь өөр тийшээ нисээд анчин сумныхаа араас гүйчихэв. Харин чоно айсандаа чулуунд бүдрээд уначихсан чинь...
-Хөөе ааваа, чоно над шиг унахдаа хамраа шалбалчихсан уу?
-Харин тиймээ. Тэгэхээр нь би чононы хамар дээр шүлсээ түрхээд үлээчихсэн чинь зүв зүгээр болоод баярлалаа гээд яваад өгсөн.
-Туулай яасан бэ?
-Гэртээ ороод хаалгаа түгжээд...
-Ааваа тэгэхэд бид хоёртой ээж цуг байсан уу?
Үгүй ээ. Холоо байсан.
-Тэр хол чинь хаана байдаг юм бэ?
-Далайн дундах арал дээр.
-Тэгээд яагаад ээж ирдэггүй юм бэ?
-Сэлж чаддаггүй юм аа.
... Туулын голд ус үсчүүлэн самардаж байхдаа Дорж энэ үлгэрийг бодов. Ус дулаахан, гүндээ ногоон өнгөөр солонгорон гялалзана. Тэртээ холоос өвөө, эмээ хоёр нь Доржийг дуудахуй хөөрхий хөвүүн гүйсээр очиход эмээ нь сүү хөөрүүлээд дуртай хусмыг нь аяга дүүрэн хийж тавьсан байлаа.

Улаанбаатар хот. 1996 он. С.Майдар
Бичсэн: LetMaidar 14:42, 2010-10-01 | Холбоос | |


ийм сайн аавтай юм чинь таны 2 хүүхэд ч гэсэн сайн хүмүүс байхаа. Дүү нь хэтэрхий залуу болохоор амьдрал сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан:
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...(о.дашбалбар гуйн шүлгээс)
Бичсэн: upshot_gp 13:24, 2010-09-18 | Холбоос | |


Та нарынхаа зөвлөлгөөг авлаа. Чойрын Хүү дандаа сайхан шүлэг бичих юм. Баярлалаа.
Бичсэн: Зочин 10:41, 2010-09-17 | Холбоос | |


Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу
Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ
Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ
Унасан хүн шазуур зуун босно. зоримог алхана
Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална аа ах минь.
Бичсэн: Чойрын Хүү 12:39, 2010-09-16 | Холбоос | |


Муу нуухаар сайн илчил гэдгийшд. Тэгээд ч мэдэхгүй сонсоогүй бас хэн нэгнийгээ явуулахуу яахуу гэж байгаа хүмүүс нь мэдэж сонсох хэрэгтэй шд
Бичсэн: Хүслийнжигүүр 11:26, 2010-09-16 | Холбоос | |


Энэ амьдралыг туулаад гарсан болохоор надад хэдий хүнд гэлээ ч олон олон монголчууд ингэж зовж байгаа гэж бодохоор нийтэд дэлгэхүү байх уу гэдэг бодол надад байгаа. Яах вэ?
Бичсэн: Зочин 01:35, 2010-09-16 | Холбоос | |


Yasan aixtar bichee wee
Бичсэн: Oogiinoo (зочин) 10:23, 2010-09-12 | Холбоос | |


Харьд одсон залуус минь дээ ...... гуниглах .
Бичсэн: Zurai 13:17, 2010-09-03 | Холбоос | |


Яасан хүнд шүлэг бэ...
Бичсэн: AmonRa 13:07, 2010-09-03 | Холбоос | |


Хүслийн жигүүрт
Ерөөл бат оршиг
Бичсэн: Болдбаатар (зочин) 12:50, 2010-09-03 | Холбоос | |


Хүн болгон өөрийн туулах замналтай, үүрэх ачаатай хойно яалтайв. Харин ахын минь ачаа дэндүү хүндэдээ юу.

Сэтгэл засах үгсийг сайн хэлж чадахгүй ч Та минт зовсон, бас уйлсан зүдэрсэн тэр өдрүүдийнхээ тоогоор сэтгэл тэнэгэр сайхан баярлах болтугай гэж ерөөе өө angel
Бичсэн: Хүслийнжигүүр 11:57, 2010-09-03 | Холбоос | |


Болбаатар
Ухаалаг дүүдээ баярлалаа
Бичсэн: Зочин 10:44, 2010-09-03 | Холбоос | |


гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах гуниглах
Хэлэх ч үг олдохгүй юм байна,хэцүү юм байнадаа ах минь...
Бичсэн: Зоригт ван 10:21, 2010-09-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax