Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Алаг эрээн могойг Хан гарьд Тэнгэрээс шүүрч, Араатны хаан арслан хээрийн барыг авлахуй

         

            Хүн төрөлхтөн сэтгэлийнхээ хүчээр амьд явж, түүнийхээ тусаар урт наслаж, аз жаргалыг хорвоогоос хүртэх тавилантай байдаг билээ. Үүнээс гадна хүн өөрөө бусад хүмүүстэй нийлэн үзэл бодол, ажил үйлийн холбоогоор хамтран амьдрах хэрэгцээ гарч шинэ нэгэн холбоо үүсдэг буюу эсвэл аль нэгэн бүлэгт хамаарагддаг. Үүний нэг нь шашин юм байна.

            Шашныг үндэслэлтэй зөвөөр ойлгоход тэр шашны үүссэн үеэс хайх хэрэгтэй болно. Чулуунд сийлж үлдээсэн, холтсонд тэрлэгдэж хадгалагдсан, цаас нь хүртэл шарласан эртний түүхийн энээхэн дурсгалуудын жимээр орон яваадаа бахдан биширч, сөгдөн мөргөмү. Монгол улсын түүх бусад орны ном, судруудтай харьцуулахад нилээд өвөрмөц сайн бичигдсэн байдаг билээ. Уншиж, судлах тусам дэлхий тэр чигээрээ Монголчуудаас хамааралтай болоод байдаг учир нь бидний өвөг дээдэс  энэ түүхийн гол дүр болон оролцож, хүний нийгэмд чухал нөлөө үзүүлж чадсанд байгаа юм. Энэ нь бидний элэнц өвөг дээдсийн л гавьяа.  Гэсэн хэдий  ч Монголд одоогийн байгаа баримтыг ашиглан шашны нарийн уялдааг олоход нилээд их будлиантай. Түүх бичигт ардын аман зохиол, үлгэр, туульсаар дамжин ирсэн зүйлсийг археологийн баримтад тулгуурлан баталгаажуулж, бусад орны түүхийн улбааг ч оролцуулан судлан харьцуулж, бичгийн хэл дээр буулгасан нарийн дэг жаягтай хэлбэр голчлох юм. Хуучин нийгмийн үзэл шингээсэн хэвшмэл загвар дагалгүй харь орны ёс заншил мухар сүшгээс ангид байж, орчин цагийн шинэлэг сэтгэлгээт чөлөөт орны Монголч эрдэмтдийн материалыг ашиглан өөрийн үзэл бодлоо илэрхийлж, түүхийн чухал уялдаа холбоог олоход харьд суугаа бидэнд илүү боломж бий.

Монголчууд бид балар эртний Хүннүгийн үеэс үүсэлтэй байж болох бичгийн соёлтой ард түмэн билээ. Богд Чингисийг зарим судлаачид бичиг үсэггүй байсан гэж бичдэг. Үүний гол шалтгаан нь бичиг үсгийг Тэнгэрийн бичиг гээд зөвхөн их хаадын удам л бичгийн соёлыг залган авч байсантай холбоотой ажээ. Ноёд, тайж нараас бусад энгийн малчин нүүдэлчдэд бичиг үсэг төдийлөн хэрэггүй байж. Гадаадын эрдэмтдэд нүүдэлчин омгийнхон эсгий бор гэртээ бичиг үсэг заалгадаг гэхэд  төдийлөн ойлгоход бэрх байж болох л доо. Гэхдээ мянгаадхан жилийн тэртээх цөөн хэдэн иргэншлийг үл тооцвол дэлхийн хүмүүс бүгдээрээ л нүүдэлчид байсан билээ. Түүхийн баримт сөхөхөд Чингис хаан Солонгосоос дайны төлөөсийг тэдний хийж чаддаг цаас-аар төлүүлж байсан төдийгүй 1236 онд Өгөөдэй хааны дэргэд бичиг барлан хувилах газартай байсан байна. 1216 онд Солонгосоос татварт хамгийн томоор хуйлсан 100 000 боодол цаас авсныг тухайн үедээ байсан Чингисийн 30 000 цэрэгтэй харьцуулахад хүн бүрт гурваас илүү их боодол цаас ноогдох юм. Цэрэг бүр бичиг үсэгтэй байсан гэж үзэхгүй л бол хэнд ч хэрэггүй илүү энэ ачаагаар яах ч билээ. Хэдийгээр тэр том боодол цаас гэдэг нь хичнээн их болохыг одоо бид хэлж чадахгүй ч бичгийн хэрэглээ дэндүү их байжээ гэж үзэхээс өөр аргагүй болохоор дэвтэрлэж тэрлэсэн сонин бариад морин өртөө дамжин  давхилдаж байгаагүй ч гэлээ, дэлгэж бичсэн зарлигийн цаасаа хувилж, нугалбар болгоод довтолгон түгээхээр өртөөлж байж дээ.

            Хорвоогоос буцахдаа Чингис хааныг ямар үзэлтэй байсныг сэтгэн бодоход амаргүй билээ.  Түүний гэгээн бодлын талаар Minhaj al-Siraj Juzjani-ийн  бичсэн судраас Лалын шашны нэгэн хуврага “Чингисийг хойд насандаа тамд унана” гээд хилэгнүүлэн хэлүүлсэн  багаахан хэсгийг сөхөн, Жужани тэмдэглэн авсан ярилцлагаас үзвэл Богд Чингисийг “Муу нэрээр алдаршсан булаан эзлэгч” болгохыг оролджээ.

            Нэгэн удаагийн хааны ордонд болсон ярилцлага дээр Чингис хаан: “Миний агуу их нэр хойшид дэлхийд дуурсагдах болно” гэж хэлжээ. Эргэлзэн гайхсан Лалын хуврага: “Та дэндүү их хүн алсан болохоор хойшид таныг дурсах хүн үлдэхгүй байж мэднэ”гэж Чингис хаанд сануулахад, тэр үг Их хааны зүрхийг яг онож туссан учир хаан түүнд: “Энэ бүхэн нь асуудлын голд нь орж, гүйцэд ухаагүй байгаагийн илрэл гэж чи өөрийгөө надад таниулж байна. Ийм ойлголт нь хэтэрхий өчүүхэн юм.  Энэ дэлхийд маш олон улс бий” гэж хуврагт тайлбарлаад, ирээдүйн Их нэр алдраа батлан  нэмж хэлэхдээ: “ Энэ ертөнцийн нөгөө талд олон олон хүмүүс, маш олон эзэнт улс, мөн тийм их хаант засаг бий” гээд  ”Хожмын тэр улсууд  бүгд миний түүхэнд холбогдох болно” гэжээ. Чингист зоригтой хэлсэн шудрага үгээрээ Лалын энэ номлогч Монгол хаадын итгэлийг олж үнэлэгдэн хааны ордонд үйлчлэн туслагч болжээ.

            Богд Чингис хааныг хасбуу тамган дээр байдаг үсгээ уншиж чаддагүй байсан, уйгаржин монгол бичгийг сарын дотор уншиж, бичиж сурах боломжгүй гэвэл Монголчууд Солонгосоос татварт авдаг цаасаар галаа асааж, мах идсэн амаа арчиж  байсан байж таарах уу? Гэхдээ хүн төрөлхтөн тамга хэрэглэж сурахаас өмнө гарын үсгээ зурдаг байсан болохоор Хасбуу тамга нь дэвшил болж,  Чингисийн үеийн Монголчууд тухайн үедээ өвөрмөц өндөр боловсролтой байсныг илтгэнэ. Б.Инжаннаши Хөх судрынхаа анх бүлгийн гарчгийн шүлэгт:

     Тэнгэрээс улирлыг нээж, богд хүн ертөнцөд төрөв

     Газрын хүчээр уур бадраад, баатар идтэн нэгнээ хурав гэж шүлэглэжээ.

Бас:  

          Богд хүн тэнгэр газарт итгэмжилмүй

          Мэргэд, сайд өршөөл журамд итгэмжилмуй

          Үтэл ард эрх хүчинд итгэмжилмүй

          Өчүүхэн хүн эд мөнгөнд итгэмжилмүй (12 дугаар бүлэг) гэх мэтчилэн Богд гэсэн үгний үнэн утгыг баатар гэсэн санаанаас салган тайлбарласан байна. Богд гэсэн үг нь илүү их мэргэн, бүхнээс цэцэн гэсэн утгаараа гэгээн хүний тодорхойлолт билээ.

             Христийн номонд гардаг түүхээс үзвэл, ядуу иргэдээ дагуулан эрх баригчдаасаа зайлан зугатаж, их усанд боогдоход далай хагаран зам гарч тэднийг авраад, ардаас нь хөөсөн алт мөнгөтэй, алдар нэртэй хичнээн олон хүчтэн баатар, сайдууд байсан ч ус хумигдан устгаж, Тэнгэрийн зарлигаар хүмүүсийн дунд Их цэвэрлэгээ хийгдэн Арван гайхамшигийн нэгийг үзүүлжээ. Үүнтэй л адил 800 жилийн өмнө түнэр харанхуй ертөнцийг эвдлэн,  хүн төрөлхтнийг холбон өгч, хүний орчлонд бүгдээрээ хамтран амьдрах боломжийг баталгаажуулж, арваадхан хүнтэй ч насан туршдаа нөхөрлөх туйлийн бэрх байдаг бол  алтан дэлхийг нэгэн удирдлагад багтаан хамтран амьдарч болох гайхамшгийг Богд Чингис бүтээжээ. Чингисийн цэргийн тоог тухайн үед эзэлсэн орны хүмүүсийн тоотой харьцуулбал үнэхээр өчүүхэн билээ. Тэгэхээр бид Мөнх тэнгэрийн хүү Богд хүнийг туйлийн доор үнэлээд байгаа байхнээ.  Энэ байдал л бидний сэтгэлийн тэнцвэрийг алдагдуулж, итгэл үнэмшилээр унагааж, хөрш зэргэлдээ орнуудын дунд Монгол гэх хүндтэй нэрийг гажуудуулах юм.  Хүмүүсийн оюун ухаан асар их гэх боловч, дээрээ чиглэсэн зөв гарцгүй бол хорвоогийн атаа, хорсол, үл итгэлцлээр хучигдан, өөрсдийгөө дээдлэхээ мартан мохож, хоорондоо тэмцэлдэн задрах аюултай  байхнээ.

             Бурхан шашинтай орон гэж сүүлийн үед их ярих болсон байна. Өвдөж зовох, үхэл хагацал тохиолдоход аргагүй очиж ном сонсох боловч айлдсан номыг нь ойлгохгүйгээс хойш бурхан шашинтан болчихлоо гэвэл дэндүү хуурамч ойлголт болох бизээ. Номыг нь монгол хэл дээр орчуулчихвал бүр ч итгэмээргүй. Тэр чигээрээ Тэнгэрийн магтаал байх юм. Тэгэхдээ Будда Шагжмуни өөрөө “Хүн хойд насандаа Тэнгэр болдог” гэж айлдсан байдаг. Жишээ болгое:

             ...  Гурван орнууд оршсон баатар дагина хоцролгүй ба

             Шашныг тэтгэгч цагаан зүгийн наян Тэнгэр тэргүүтэн

             Цагаан зүгийг тэтгэгч бүгд ариус ...

             Газрын охин Тэнгэр Бат эх тэргүүтэн

             Гурван мянганы дэлхийн эзэн бүхэн та ...

             ... Их хөлгөний сайн мөрийг үзүүлэгч багш хийгээд

             Шидийн дээдийг соёрхогч дээд сэтгэлийн Тэнгэрийн чуулганд

             Зүрхнээсээ сөгдмүй, энэрэлээр авран соёрх

                                                                                         (Их нууц хөлгөн)

            Төөрөгдөл аль ч үед байсаар байжээ. Чингис хаан Тэнгэртэйгээ ярилцан, ертөнцөд энх тайвнаар амьдрах нөхцөлийг дэлхий нийтийн дунд тохинуулж байхад Сүбээдэй бидэнтэйгээ адилхан эргэлзэн сонирхож Тэнгэр шашнаа бусад шашинтай харьцуулан судалж байжээ. Жишээ болгоё:

   Тэнгэрийн зарлигаар Хятадыг эзлэн захирагч Ши-Ша  улсын хааныг ариун гэгээн, амилсан Будда, Бурхан гэдэг. Сүбээдэй хаа л явсан газраа хүмүүсийн итгэл бишрэлийг илтгэсэн хөшөө, дурсгалууд, Винчуаны их хаадын булш, суврагууд, Бээжин(одоогийн нэрээр) болон Датун хотын сүмүүдийг үзэж байжээ. Тэгээд Жоржи дахь Христийн алдарт сүмийн бүх цогцолборуудыг сонирхон судлаад Сүбээдэйн бичсэн дүгнэлтийг дурдая. Түүний бодлоор: “Бөөгийн(Мөнх тэнгэрийн), Конфүүгийн, Буддын, Христийн шашинтнуудын итгэл, бишрэл нь үнэний харанхуйг нээхийн тулд, бүгдээрээ, нэг л зүг рүү бэдрэн явж байна” гэжээ.

            Тангадууд өөрийн бүх хаанаа Бурхан гэдэг бөгөөд монголоор орчуулбал гэгээн хүн, амилсан Будда гэсэн утгыг агуулна(They referred to all Tangut emperors as “Burhan”, with meant both living Budda and Holly One). Гадаадын Монголч эрдэмтэд үүнд төөрч, нэгэнт Монголчууд Бурхан хаадыг шүтдэг болохоор, тэд лав Тангад байх ёстой гэж үзээд янз бүрийн судалгааг хийж батлахыг оролдсон дүнг олноор нь олж үзэж болно. Ерөөсөө шашин гэдэг үг нь “элэнц өвөг дээдсийн сургаал” гэсэн утгатай балар эртний үг юм байна.

Тэгэхээр Бурхан бидний өвөг дээдэс мөн үү? ...

             Биш шүү дээ. Харин бид өөрсдөө төөрчихсөн Тангад хааны сүнсийг дуудаад мөргөл үйлдэж, ламаа залаад л байж байна. Энэ нь нэг ёсондоо бохирдсон сүнсээ ариусгахын тулд бусдын аавыг дуудаж хэлээд ойлгохгүй болохоор нь хүүхдээр нь хэлмэрчлүүлж байгаа юм. Монголоор хэлчихвэл ойлгохгүй шүү. Гурван эрдэнийн тайлбар ёсоор “Бие, сэтгэл, хэл” гурваар мөргөх ёстой. 800 жилийн өмнөх тэр хэлээр нь ойлгуулах хэрэгтэй байхнээ.

            Төрөл арилжих гэдэг нь Мөнх тэнгэрийн орноос Бурхан тэнгэрийн оронд очиж залрахыг хэлж байна. Тарни цээжилсэн хэд ч яахав болоод л явчихна. Харин бид мэт нь яах вэ? Есүсийн тэнгэрт төрөл арилжиж болох л юм. Есүс өөрийгөө Тэнгэрийн хаан гэдэг. Харин бурхан тэнгэрийн оронд очвол муулаад байсан Хятад оронд Шар мөрний эрэгт буух болохнээ.

            За даа, Монголоороо л байя. Мөнх тэнгэрийн орондоо очиход Монгол хаад минь тосоод л авна. Туулын хөвөөнд төрөхгүй байсан ч, Хэнтийн Биндэрт , Хөвсгөлийн Царманд ч юм уу, Баян -Өлгийн хасаг ахындаа төрсөн ч яахав. Нар дээрээс шараад л, элс нь доороос хайрч, хаяа нэг таарах тойром, бүрдийн ус даган халуунд анган, хээрийн салхинд дүнхийн зогсох тэмээн сүрэг, эр хүн шиг гүжир ч сэтгэл зөөлөн бүсгүйчүүдтэй, хөл доогуур жирэлзэн гүрвэл гүйх Их говьдоо ч би хайртай билээ. Ийм сайхан нутагтай Их хаадын маань ариун сүнс, Тэнгэр болох хувь дутлаач, тэнгэрийн орноос биднийгээ төрхөмд маань буцаах биз ээ. 

            Далаад оны үед хүмүүс гэр бүлээсээ нэгийгээ нас барахад хэнийдээ эргэж ирж төрөх бол гэдгийг мэдэхийн тулд хятад бэхээр сүрхий тэмдэг тавьдаг болж билээ. Ингээд л  үр хүүхдийнх нь нэг нь төрөхөд нөгөө мэнгэтэй хүүхэд нь гараад л ирнэ. Ердөө ч удахгүй. Гэтэл хүмүүс хаа хамаагүй тэмдэг тавьж байснаас нүүрэндээ хачин муухай мэнгэтэй хүүхэд төрөх болж, улсаас тэгж тэмдэг тавихийг бүр мөсөн хориглож билээ. Тэр үед лам залах нь битгий хэл, лам өмсгөл хамаагүй өмсөх ч ёсгүй, энгийн бидэнд амар байжээ. Энэ бүгдийг  хүмүүс мартсан байна. 1975 онд Английн хэсэг эрдэмтэд хүний сүнсний жинг тогтоохоор 1000-гаад хүний халуун цогцсонд хэмжилт хийхэд, нас нөхцсөний дараа хэсэг хугацаа өнгөрөөд  27 грамм орчим хасагддаг болохыг олж тогтоогоод бөөн дуулиан болж байсныг 1985 онд гарсан Оросын сэтгүүлээс уншиж билээ. Хачирхалтай нь хашир эрдэмтдийн урьдчилсан таамаглалаар сүнсний жин ойролцоогоор 0.03 грам байх ёстой гэсэн нь алдаа болж, харин ч хамаагүй хүнд болохыг анх мэдсэн байна.  Иймэрхүү судалгааг бид өөрсдөө ч хийж болох юм.

            750 жилийн өмнө  Их хаан Тогоонтөмөр Хятадаас хөөгдөн гарах үед Монголчуудын тоо ойролцоогоор 460 000 орчим байсан бол 1940- өөд оны Сталины их цэвэрлэгээний дараа хүн амын тоо төдийлөн өсөөгүй хэвээрээ л байв. Монголын хүн ам шашингүйн нийгмийн үед л харьцангүй ихсэж 2,5 сая хүрлээ. Буддын шашны Ламрин “Бодь мөрийн зэрэг”сургаалд хүн үхэхээр сүнс хаашаа ч юм бэ явчихдаг гэжээ. Бүх насаараа бурхан шүтэж цаг нь болоод очихын цагт буруу тэнгэрт ирснээ мэдэж 49 хоногтоо багтаад төрхөмдөө буцаад ирэхэд нь лам залаад харийн хэлээр өөрийн төрлийн сүнсээ хаа нэг зүг рүү тонилгох тарни уншуулаад сууж байгаа байхнээ. Зорьж очсон тэнгэрээсээ ах, дүүгээ хайгаад ололгүй голоод гэртээ буцаад ирэхэд нь бөөгөөр хэлмэрчлүүлж,  өөриййн Тэнгэрээсээ асуугаад очих газрыг нь заагаад өгсөн бол олон хүний сүнс эргэж гэртээ төрөх байжээ.

            Өөр шашинд орчихоогүй, өөрөө тэнгэр болчихоогүй л бол бидний сүнс буцаад төрхөмдөө ирэх л ёстой шүү дээ. Одоо энэ олон шашнаас болж хүүхдийн төрөлт удахгүй бүр мөсөн зогсох болов уу. Сүнс нь Хятадад, зарим нь Сөүлд төрөөд харин Монголд хүүхэд цөөрч эцэг, эхчүүдээ гонсойлгоод эхлэх байх даа.

            Бидний амьдарч байгаа энэ ертөнцөд тэнгэрийн орон олон бий. Мөнх тэнгэр, Буддын тэнгэр, Христийн тэнгэр, Аллахын тэнгэр. Түүний дотроос Буддын тэнгэр бүүрч олон. Эдгээрээс хамгийн эртнийх нь бишрэгдэх болсон дөрвөн тэнгэр юм. Энэ тэнгэрүүдийг дүрслэх шүтээнийг “ Оюун ухааны билэгдэл” буюу Суврага(Chaitya or Stupa) гэх бөгөөд, Буддын ертөнц, буддын тэнгэр эсвэл оройн дээд шүтээн гэдэг. Хийцийн хувьд заримдаа бөөрөнхий, заримдаа дөрвөлжин байх боловч шатлан өгсөж шовх үзүүрээр дуусна. Давхар болон талууд нь нэг нэг тэнгэрийг дүрслэх ба торгон орой нь Boddhichitta мөнхөрсөн домогт гардаг Сүмбэр(Mount Sumeru) уулын оройг билгэднэ.  Дөрвөн өнцөгтэй хананд Раднасамба, Амитаба, Амохашиди  нүүрэн талд нь Вайрочана байрлана. Тэгэхээр Буддын тэнгэрт төрөл арилжихад заавал Бурхан тэнгэрт очих албагүй байхаар олон Тэнгэр байдаг байхнээ.

              Мөнх Тэнгэрийг Гегель-ийн онолоор

                                    Мөнхийн сэтгэхүй гэж философтвол

              Матери гэж нэрлэгдэх бидний бие

                                   Мөнх сэтгэхүйн сольж өмсөх дээлүү
             
             
Зуу  зуун настай Тэнгэр ээжүүд минь

                                   Мөнхөрсөн сэтгэхүй гэхээр

              Зуугийн талыг ч наслаагүй бид чинь

                                   Мөлхөө хүүхдийн дайтай л ухаантай байхнээ

            Чингисийн үед Монголчууд Тангад улсын бодлого, арга заль, Буддын шашинд гүнзгий нэвтэрсэн сүсэглэл, ахуй амьдралын хэвшлийг нь маш сайн мэдэж байлаа. Бурхан хаантай Богд Чингисийн хийсэн сүүлчийн уулзалт нь Шар мөрний ойролцоо Кайчинг хотын орчимд болсон бөгөөд уулзалтын зорилго нь:

   Ши Ша- гийн хаан Бурхан Чингисд захирагдах, үүнийгээ хүлээн зөвшөөрсний тэмдэг болгон хамтдаа гарч олонд үзэгдэх, Чингис түүнд Шудрага цол өргөмжлөн шагнаж өөрийн албатаа болгоод дараа нь Мөнх тэнгэрийн зарлиг зөрчсөн тухай ял тулгах байжээ.  Бурхан хаан ирэхдээ Чингис хааныг улсын эзэн болсныг хүлээн зөвшөөрсний тэмдэг болгож, мэдээж хэрэг алтан Буддагаа, есөн алтан аяга, есөн мөнгөн аяга, есөн хүү, есөн охиноо, есөн тайган, есөн цагаан тэмээ гэх мэт 99 цагааны бэлгээ өгч бэлгэдэх ёстой байв. Нэгэнт Чингисийн албат болж хожимдон ухаарсан Бурхан ял хэлэлцэхэд: “Миний биеийг гантайтал гурвантаа давтсан сэлмээр цавчихгүй бол даахгүй” гэж сэлмээ өгөөд,“Намайг цавчихад сүү гарвал чиний амь насанд муу, цус гарвал чиний үр удамд муу болно” гэж хараажээ.

Зургаан сарын турш Монголчуудыг эсэргүүцэн тасралтгүй байлдсаны эцэст түүний авч болох шагнал, хаан хүний ёсоор хүндэтгэл үзүүлж, нурууг нь хугалах эсвэл ширлэх аргаар цус дусаалгүй нөгцөөх л байжээ. Чингис хаан Бурхан хааныг цус гаргалгүй тонилгох зарлига буулгасан бөгөөд одоо болтол түүнээс цус гарсан уу, сүү гарсан уу гэдгийг хэн ч мэдэхгүйгээр нууцлагджээ. Ингэж Тангад улсын нутагт Шар мөрний ойролцоо Бурхан хааныг, албат иргэнээ болгоод, цаазалсан Лиупан ууланд Бурхан тэнгэрийн орон бий болжээ. 

            ...  Түвшин үхсэн хүн гэмгүй боловч хорсож үхсэн бол хорт уур гаран хоосон газарт тийм нэгэн дүрс үүсээд хорсол тайлагдтал үл тавина гэж Цю Чу Цзи хувилгаан айлджээ(“Хөх судар”, В. Инжаннаши, 3-р боть, хуудас 175, 2005) .    Тэнгэр шүтээнтнүүд битгий хэл Будда Шагжмунийн хүүхдүүд ч Бурхан гэдэг үгнээс болгоомжлохгүй бол Хорсолт сүнс ирж хорлож байдаг юм байна.

            Бурхан хаан биднийг ингэж хараасны гайгаар Тангад улс түүхээс бүр мөсөн арчигдаж,  хотын хүн ам, хөгшид, хүүхэдгүй бүгд  үрэгдэж, энэ өдөр юу болж өнгөрсөн нь түүхэнд тэмдэглэгдэлгүй, батлах баримт ч үгүй өнгөрч, хэл болон бичгийн соёлыг нь хадгалах төдий давхар уутаар хамгаалсан хэдхэн бичиг л үлдэж, хэн ч хэрэглэхгүй учир одоо уншиж, ухаж ойлгох боломжгүй болон хадгалагдаж байна.

            Чингис үүнээс долоо хоногийн дараа бэрсүүт тахлаар 1227 оны гахай жилийн гурван сарын 12-ноо одоогийн тооллоор найман сарын 25-нд тэнгэрт хальжээ. Хэдийгээр өвдөж зовсон боловч ухаан саруул байж хойчийн хийх дайны төлөвлөгөөг зааж сургахын сацуу, үлдэх хүүхдүүддээ сургаалаа айлдсаар хойч ирээдүйгээ бүрэн тодорхойлоод тэнгэрт оджээ.

            ... Чингис хааныг тэнгэрт халих үед түүний орны дэргэд байсан Боорчи: “Их хаан, таныг өөд болсны дараа юу болох болоо? Миний үр удмын ирээдүй яах билээ?” гэж ихэд харамсан гашуудан уйлж хэлэхэд Чингис: “Миний дараа чиний үр удам үе дамжин үргэлж надтай хамт, миний дэргэд байх болно”гэжээ. Энэ цагаас хойш Чингисийн онгоныг сахиж, тахиж байдаг тухай Боорчийн удам 39 дүгээр үеийн үр, Монгол хүний яриа 2000 оны үед бичигдэж үлджээ. Гэхдээ Чингисийн онгонд түүний эдлэж, хэрэглэж байсан эд зүйлээс өөр юу ч байхгүй гэдгийг бид мэднэ л дээ. Гэсэн ч энэ домог яриа Монголын түүхэнд Чингисийн үхлийн тухай бодит үнэлгээнд нэмэр болж чадах юм. Үхлийн талаар өөр хэд хэдэн хувилбар бий боловч итгэж болох юм гээд ганцыг нь дурьдлаа.

            Чингис тэнгэрт хальснаас хойш 400 зуун жилийн дараа Мөнх тэнгэр шашин, Буддын шашин хоёрын харилцан нарийн далд холбоог тайлсан сонин домгийг Ордосын ноён Саганцэцэн өөрийн судартаа бичиж үлдээжээ. Саганцэцэний бичсэнээр:  Ши шагийн хаан Бурханы хүч өглөө могой болон тодорч, үд дунд бар болоод шөнө хүүхдийн дурд хувилж ирдэг. Энэ үед Чингисийн хүч хангарьд болон гарч ирж могойг тасдах бөгөөд өдөр арслангийн дүрээр барыг барьж устгаж, шөнө тэнгэрийн элч болон хүүхдийг цаламдан одож улсаа хамгаалдаг гэжээ. Энэ домог үнэний ортой. Дөнгөж буддын шашин Монголд дахин дэлгэрч эхэлмэгц түүнийг сөрж энд тэндгүй бөө, удган төрж байна. Тэнгэрийн хүч газарт бууж бидэнд нөлөөлж байгаа нь тэр. Тэнгэрийн хэлмэрч, улаачийг бөө гэдэг шүү дээ. Мөнх Тэнгэр үр, ач бидэндээ үгээ хэлэхээр иржээ ...

            1246 оны долдугаар сарын 22-нд Гүюг хааны өргөөнд  хуран цуглагсдын дунд баруун Европоос ирсэн анхны элч байсан нь санаандгүй явдал боллоо. Ассисийн Сайнт Франциссийн номлогч, 65 настай лам, Плано Карпинийн Жовани Европод заналхийлж байгаа эдгээр хүмүүсийн талаар тагнаж мэдэхээр Ариун Гэгээнтэн 4 дүгээр Папын элч болон заларчээ. Ромын Папын захидалд, Гүюг хааны Христийн шашинтай ээжийнх нь байнгын сургах гэж оролдож байдаг, хэзээнээс сайн мэдэх Христийн номлол, Христийн амьдралын түүхийг ёсорхогоор товчлон дурьдаад, Европтой дайтаж байгааг, ялангуяа Христийн шашинтныг хавчин гадуурхаж байна гэж бүхэлд нь хараан зүхэж бичээд, үүнийгээ зогсоохыг хаанд тушаажээ. Пап, Их хаанаас, яагаад бусад улсуудыг довтолж байгаа болон ирээдүйд яах тухайгаа бүгдийг нь тайлбарлахыг шаардан, Тэнгэр(God) Ромын Пап-д газар дээрхи бүгдийг нь захирах элч болгосон тул Тэнгэрийн(God) өмнөөс ганцхан тэр л ярих эрхтэй гэжээ.

            Христүүд алба төлөхгүй, нэгдэн орохгүй болохыг Монголын удирдлага ойлгож Карпинийд ихэд дургүйцсэн боловч 1246 оны өвлийн энэ үйл явдал түүхэнд бичигдэн хадгалагдан үлдсэнээс Гүюг хааны хариултыг  дурьдахад: Тэнгэр хэнийг өршөөж, хэнийг ивээхийг тэр яаж мэдсэн юм бэ? Яаж тэр тэнгэрийн өмнөөс ярьж болно гэж мэдэж байгаа юм бэ? гэж тохуурхан асуугаад, Тэнгэрийн зарлигаар, Пап-д биш Монголчуудад наран ургах зүгээс наран шингэх хүртэлх газрыг захирах эрхийг өгсөн. Богд Чингисийн Их цааз ёсоор Мөнх Тэнгэрийн хууль, зарлигийг ертөнцөд түгээхийг Монголчууд бидэнд даалгасан юм гээд Ромын Пап-д бүх ноёдуудтайгаа Хар хоринд ирж Их хаанд алба төлөхийг тушаажээ ...

            Үнэндээ Монголчууд бид л Есүс тэнгэртэйгээ харьцдаг шиг, Мөнх Тэнгэртэйгээ ярилцаж чаддаг гэдгийг Пап ойлгоогүй болов уу.

            Харин одоогийн Монголчууд бид төөрсөөр, бусдыг дуурайж Бурхан хааны сүнсийг онголон тахисаар, Бурхан тэнгэрт сүнсээ өгсөөр байна.

                   Бурхан хааны хэлснээр болж

                   Богд Чингис тэнгэрт хальжээ

                   Эргэх жилүүдийн хатуу бүхэнд

                   Эгэл түмэн минь хэлмэгджээ

                          Өгөөдэй хаан ч хараалаар өвдөж

                          Өөрийнх нь дүү Тулуй түүний төлөө амиа зольж

                          Дараах үед нь ч Фатимаас хэлмэгдэж

                          Аригбөх Хубилайд хорлогдох юм

                  Будда Шагжмуни тэнгэр

                  Бурхан хааны тэнгэр               

                  Аллахын тэнгэр

                  Амитабагийн тэнгэр

                          Христийн тэнгэр

                          Мөнх тэнгэр

                          Аль ч тэнгэр байсан яах вэ

                          Аав ээж минь л тэнд байхгүй бол юу хийх вэ

                  Төр түмэндээ хийсэн гавьяагүй байж

                  Төрөл арилжиж тэнгэр солиод яах вэ

                  Бусдын хэлээр мэдэхгүй тарни уншиж цэцэрхэснээс

                  Болно гээд Мөнх тэнгэртээ аялгуу сайхан монголоороо өчъе

             ”Нууц Товчоо”-д Бурхан хааныг устгаад, Бурхан Халдунд мөргөөд гэх мэт ямарч зохицолдоогүй үгнүүдийг бидний Монголчууд л засах ёстой. Чингис хаан тахилгат ууландаа өгсөн тангарагын  англи хэл дээр хөрвүүлэгдсэнийг үзвэл:

                   On Sacred Khaldun

                    I was a louse

                   But I escaped,

                   And my life was spared.

                   With a single horse,

                   Following elk-trails,

                   Making a tent of bark,

                   I climbed Khaldun.

                  On Sacred Khaldun

                   I was a swallow

                   But I was protected

            Энд Бурхан гэсэн үг ердөө ч алга байна. Үүний оронд “Saсred” буюу “Онгон” гэсэн хоёрдмол утгатай үгийг хэрэглэжээ. Тэгэхээр Бурхан гэдэг үг нь  шинэ үсгийн орчуулгын гэнэн алдаа байснаас зайлахгүй. Нууц товчооны 1930-аад оны сүүлээр Хятад үсэгнээс хуучин Монгол үсгэн дээр буулгасан ном л бидэнд үнэндээ байгаа билээ. Эх хувийг нь одоо болтол олоогүй л байна. Онгон гэж бичихээр онгон охин гэсэн давхар утга орох нь нэртэй эрдэмтдэд маань аятайхан санагдаагүй сольсон юм уу. Түүхийн уртад бусдын зориуд хийсэн чимэг ч юм уу.

  Түүх үзвэл:

    ... Хубилай хаан Ляо, Алтан улс хоёр Шагжмуний урсгалд орж амгаланг хайснаар мөхсөн тухай хэлэлцээд, “Манай улс Ляо улстай дотно бас Алтан улсыг нэгтгэсэн болохоор энхжсэн цагт Шагжмунийн сургаальд автаж магадгүй. Учир нь Гурван сургааль, зургаан урсгал, есөн ялгалыг харьцуулан шинжвэл Шагжмунийн ёс бусдаас гүн, хол, өндөр бөгөөд нягт, үүд зам нь олон, эрэлт ололт нь үлэмж. Монголчууд бид үргэлж ихийг эрмэлзэх тул хойч үеийн хүмүүс амар амгаланг эрж Шагжмунийн урсгалд орж, улсаа мөхөөж болохгүй” гэж зарлигдаад, “Нэг мөсөн таслан зогсооё гэвч урьдийн хаад, ноёд үндсийг нь таслаагүй байгаа тул хаан хүний ёсонд харшлах магад гээд болив” гэж зориуд анхааруулан захиж үлдээжээ(Инжаннаш,”Хөх судар”,1-р боть, 39-р тал.).

            1270 аад онд Хубилай хаан Шагжмунийн ёс гэснээс Бурханы ёс гэж хэлээгүй л байна. Бурхан хэмээх Хятадын эгэл нэгэн хошууны Тангад үгийг Мөнх тэнгэр гэдэг үгний хүчнээс хэтэрхий сүрдэж, ёс жаншил, шашин мөргөлөөсөө холдсон учир Өвөрлөгч монгол хошуугаар дамжин хожим 1800 оны үеэс болгоомжгүйгээр Монгол хэлний хэрэглээнд оруулчихжээ.

            Бурхан хэмээхтэй дүйх ижил “ариун гэгээн, тэнгэрийн хүү” гэх утгыг Монгол хэлэнд “Богд” гэж хэлдэг билээ.

            Их бичгийн хүн Инжаннаши бичихдээ; “Манай Монголын доройтсон нь үнэхээр амар жаргалыг эрхэлж, бас алс өндрийг эрснээс ямар хорыг эдлэв. Цөм бурхан болохыг эрсээр бухар болсноо эдүгээ болтол басхүү сэрж мэдээгүй. Тэр бурхан хэмээгчийг хүн бүхэн болж чадах уу? Босч мөлхөн чадахын урьд, будартал нисэн дэгдэхийг хүссээр, боомилон үхэхийг эрсэн бус уу? Тийн бөгөөд хүн учрыг  нь тайлан хэлбээс сонсох үгүйгээр, урьд манийг буруу үзэлтэн, буруу номтон хэмээмүй” гэж бичжээ. (Хөх судар, 1-р боть, х:39, 2005).

   Бурхан Халдун гэсэн үгийг “борогон” буюу хуучин Монгол бичгийн урт эгшиг зохицох ёсноос алджээ гэж муйхардвал “Бороон Халдун” гэсэн үг болж бодит амьдралд дөхөхөөр байна. Тахилгат уулаа Бороон Халдун, Онгон Халдун  гэх нь хамаагүй тохиромжтой юм. Богд Чингисийн Онголон тахидаг Халдун уул 800 зуун жилийн тэртээ хур бороо элбэгтэй байж, хүглэгэр өтгөн ойгоор хүрээлэгдэн, зээр гөрөөсний жимээр замнан дайжих Их улсын түрүүг аварсан билээ.

 

            Бидний доройтсон түүхийн хэсгээс:

 

            1332 он гэхэд Монголчуудын тааламжит газар, зуслан нийслэл Шандууд аймшиг дагуулсан үхэл, зовлон харанга дэлдэн ирчихээд алтан ургынхнаас зуны сүүл гэхэд цөөхөн хүн үлдэж, уг байдлыг нуух боломжгүй болов. Монгол удирдагчдын айдас нь замбраагүй байдалд хүргэж, энэ нь үргэлжилсээр ард олонд гүнзгий нөлөөлж, улс орныг тэр чигт нь хамарлаа. Эзэнт гүрний удирдлага, хаан хөвгүүд болон удмын ах, дүү нарт чөлөөтэй шилжигдэн алагдах, оргүй болох, өвчин тахлаар үрэгдэх зэрэг замбараагүй байдал газар авчээ.  Зөвхөн 1328- 1332 оны хооронд гэхэд дөрвөн ч хаан дамжиж, үүний дотор 1332 онд долоон настай Ринчинбал хаан хоёрхон сар төр барьжээ. Айдас бүгдийг хамарлаа. Ордны дотор аягачин, шивэгчингээс эхлээд хүүхэд, хөгшидгүй, эзэн хаан өөрөө ч энэ аюулт тахлаар үхэж болох нь ойлгогдож байв. Эргэлзэн гайхсан, айж балмагдсан хүмүүс хотын дотор ч, гадна ч ихэслээ. Өглөө нь эрүүл байсан хүн гэв гэнэтхэн халуурч, улмаар чичрэн дагжсаар туулгах, бөөлжих нь ихсэн, арьсны нь доогуур цус нэвчин цонхийж аймшигтай муухайгаар үхэж байжээ.

            Баттай биш мэдээгээр тахлын нян өмнөд Хятадад байсныг монгол цэргүүдийн хэрэглэж байсан эд зүйлстэй хамт хойд зүг тээгдэн алтан ургынханд халдварлажээ. Хар үхэл гэгдэх энэ тахлыг Флоренцийн Жовани Боккасио тодорхойлон бичихдээ:

-Зөвхөн энэ тахлаас зайлахын тулд нөхөр нь эхнэрээ хаяж, ээжүүд хүүхдээ орхин зугтаж байв. Үхэл хэтэрхий их байснаас лам нар хойтохыг нь уншиж амжихгүй, авсчид нүхээ ч ухаж дийлэхгүй бөөнөөр нь булах эсвэл нохой, гахай идэг гээд зөнд нь орхиж байлаа гэжээ.  1331 онд Хопэй мужийн оршин суугчдын 90%, Хятадын хүн амын гуравны хоёр нь хар тахлаар үхжээ. Улсын хүн ам 13-р зууны эхэнд 135 сая орчим байсан бол 14-р зууны төгсгөлд 65 сая болтлоо буурлаа.

            Хятадууд Монголын эзэнт гүрний гол үйлдвэрлэгч байсан учир эндээс л их гүрний хэрэглээний бараа дэлхийн бүх өнцөг рүү зөөгдөж, мөн үүнтэй хамт тахлын нян тээвэрлэгдэн тархах боломж бүрджээ. Археологичдын судалгааны үндэслэлээр 1338 онд хар тахал Хятадаас Тян Шаны нурууг даван Казахстаны Иссук Кул нуурын ойролцоо байх  Христийн төвлөрсөн худалдаачдыг арчиж орхижээ. Өвчин, тахал худалдааны төвүүдээр дамжин газар авч Ази, Европыг холбосон Монголчуудын торгоны зам даган өнгийн торго, амтат ногоотойгоо хамт тэмээн жингийн цувааны ачаа болон тээвэрлэгдэв. Монголчуудын худалдаачдад зориулж байгуулсан замын дагуу өртөө буудлууд нь нян тээгч болон өвчнийг санамсаргүй хүртэх боломжит газар боллоо. Гоёмсог эдлэл, танасаг үнэртэн, баялаг эрдэнэс даган худалдаачдын замаар нян үүсгэгчид нь буудлаас буудалд, тосгоноос тосгонд, хотоос хотод, улсаас улс дамжин тив алгасан тээгдэв. Хязгаарлагдан алслагдсан цөлийн цаана, уулсын ард нэг л жижиг өртөө тахлаар сүйрэхэд зорчих зам хаагдан, асар том хэрэглээ цаана нь байсан ч таслагдан хаягдаж байв. 1345 он гэхэд хар тахал Доод Волгын ойролцоо, Алтан ордын нийслэл Сарай хотод ирчихсэн, Жэновэсийн боолын худалдаачдын хамт Константинопольд хүрч, тэндээсээ Египетийн Кайр, Сицилийн Мессинад тархжээ. 1348 онд Италийг сүйтгэж, долоон сард Англид хүрч, 1350 оны өвөл хойт Атлантын цаана Гренландад ирээд хүн амын 60 хувийг үгүй хийлээ. 1340-1400 онд Африкийн 80 сая оршин суугчдаас 64 сая үлдэж, Азид 238 саяаас 201 сая болжээ. Дараачийн хоёр зуунд дэлхийн хүн амын 75 сая нь үрэгдэж 14 дүгээр зуунд ойролцоогоор жилд нэг сая хүн үхэж байв. Европын хүн ам 75 саяаас 52 сая болтлоо буурав. Зарим хот тахлын тухай мэдээч үгүй байхад зарим нь үгүй болж устжээ. Милан хотын удирдлага тахал гарахад бүх айлыг өвчтэй, эрүүлтэй нь хөл хориулж элдэв бөсөөр тэмдэг, далбаа хийж бусдад мэдүүлэн хотоо аварч чадлаа. Тахлаас болж хүмүүсийн харилцаа холбоо таслагдаж, боловсролтой сэхээтнүүд, чадварлаг гар урчууд үрэгдэж, хотын хөгжил зогслоо. Тахлын үнэр авмагц хотоос аль болох хурдан зайлах, эсвэл хотдоо хэнийг ч оруулахгүй хааж, худалдаа арилжаа хийхээ больж, үхэл үнэртсэн бүхнээс айж, хамгаалалтгүй хоол хүнсийг хорьж байжээ.

            Элч төлөөлөгчид ирэхээ больж, албаны бичиг таслагдлаа. Айсан хүмүүс гадныхнаас үхэл үзсэн мэт болгоомжлох болж, улс хоорондын худалдаа, харилцаа зогслоо. Европт Христийн шашинтнууд бүх бурууг Жүүдийн эсрэг болгож 1349 онд Страбүүрийн удирдлага Гэгээн Валентиний өдөр 2000 жүүдийг хотын гадна Жүүдийн оршуулгын газар шатааж алжээ. Заримыг нь гэрт нь хөөж оруулаад түгжин байшинтай нь галдаж байв. Түүхийн бичгээс үзэхэд 1348 -1349 онд Кёльноос Австри хүртэлх бүх Жүүдүүдийг устгасан байна. Испанийн Христосын шашинтнууд ижил шалтгаанаар үндэсний цөөнх Мусульмануудыг хилсдүүлэхэд тэдний ихэнх хэсэг нь Гранада, Марокко руу дүрвэжээ.

            Тэнгэр шашны эрхэм нэр хүнд хүний ёсонд алдагдаж итгэл бишрэл буурч хуулийн хүч сулран үгүй болов.

             Албаны ноёдууд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болж, хүмүүс хуулинд захирагдахгүй чөлөөтэй дургиж, юу хийхийг хүснэ түүнийгээ үйлдэж байлаа. Хар тахал Европыг тусгаарлаад зогсохгүй Монголчуудыг байгаа газарт нь хадаж, төв удирдлага монголчуудтай нь харьцааг бүр мөсөн тасаллаа. Харийн нутагт алслагдан суусан Орос, Төв Ази, Пэрс, Дундад Азийн монголчууд эх удирдлагаасаа таслагдан үлдэхэд цэргийн хүч, эдийн засгийн бололцоогоо ашиглан засаглалын шинэ хүчтэй хэлбэрийг хайх болж орон нутагтаа зохицохын тулд нутгийн хүнтэй дахин гэрлэх, уугуул иргэдийн шашин, хэл соёлыг авах зэрэг гарцаагүй зохицуулалтыг хийх болжээ. Оросод байсан Алтан Ордны монголчуудын гол цэргийн хүч нь Түркүүд байсан тул тэдний шашныг авч бөө болон Христ, Буддын шашинаа цэвэрлэн гаргаж Исламын шашинд орж гэр бүлээ аварлаа. Нэгэнт л хэрэглээгээрээ холбогдож чадахаа больсон болохоор Нэгдсэн Улс байх үндэсгүй болж задран гоожив. Их хааны удмын холбоо холдож уусан, оршин байгаа газрынхаа иргэдийн шүтэх шашин номлолыг авах болов. Оросын Алтан Ордныхон Мусульман шашныг авч байхад Иран, Иракт байгаа Монголчууд  эхлээд Египеттэй Ил хаантын Монголчуудын эсрэг нэгдлээ. Ил хаант Исламын шашныг авмагц тэд буцаж суни, шийт чиглэлийг дагах болов. Өлзийт хааны үед ихэнх нь шийт урсгалыг дагах болсон учир буддын болон жүүдүүдийн урсгалыг чангалж байснаа чөлөөтэй болгов.

            Мөнх тэнгэрийн зарчим дээр үндэслэсэн Чингисийн их гүрэн салхинд хийсэх үнс мэт бутран сарнилаа.

            Дундад Азид Монголчууд Мусульман шашныг авах болсон нь Хубилай хаан Хятадуудын дунд, нутгийн заншлыг авч, тэдний дотор ижил байж хүчирхэг улс болгосон жишээ нөлөөлсөн юм. Гэвч Хубилайн үе залгамжлагчид үндэстний олонх болсон Хятадуудад илүү их уян хатан бодлого явуулахын оронд өөрсдийгөө тусгаарлан, хятадуудыг улам их дарлах болж, эмх замбараагүй энэ үед зарим удирдагчид зүүдэнд нь Чингис ирж бүр их чанга бодлого явуулах ёстой гэж хэлсэн гэдэг байжээ. Монголчууд хятадуудад дэндүү эрх чөлөө олгож байна гээд хятад хүн морь унах, хутга хэрэглэхийг хориглож, газар тариалан эрхлэн амьдрах анжиснаас нь салгах дөхөж, уламжлалт жүжгийн дуурийг хааж, бичиг дамжуулах, цугларахыг болиулав. Үндэстний дунд энэ бодлого нь Монгол удирдлагад итгэх итгэлийг унагаж хятадуудын дургүйцлыг ихэсгэв.

            Монголын удирдлага аливаа шашныг ижил үздэг байсан бодлогоо өөрчилж, хятадуудын дунд нийтлэг байсан Конфү-гийн урсгалын эсрэг Буддын шашны Төвдийн урсгалд ихээхэн хүч өглөө. Монголын удирдлагад халдаж зүрхлэхгүй байсан нутгийн уугуул иргэд үзэн ядах сэтгэлээ Буддын урсгалын эсрэг эргүүллээ. Үүний шалтгаан нь Төвд руу нээгдсэн шинэхэн замын өртөөнд хятадууд ажиллаж Төвд лам нарыг үнэгүй унаа, гэр, хоол хүнсээр хангах болсон явдал байжээ. Лам нар үргэлж зэвсэглэн явж үйлчилж байгаа хятад хүмүүсээ харгислан зовоох болж, Төвдийн хэрэг эрхлэх Буддын шашны Товчоогоороо нөлөөлөн лам нарт онцгой эрх олгохыг Монгол төрийн удирдлагад шаардах болжээ. Үүний нэгэн жишээ нь лам хүнийг цохивол гарыг нь тайрах, харааж зүхвэл хэлийг нь огтлох хуулийг санаачлан батлахыг оролдож байв. Монголын удирдлага хүнийг шийтгэхийн тулд биеийг нь зэрэмдэглэж болохгүй гэсэн Монгол Төрийн хуулинд нийцэхгүй гээд таслан зогсоожээ.

            Бодит байдлаас тусгаарлагдах нь ихсэж, өсөж байгаа тахлын эсрэг идэвхтэй нөлөөлж чадахгүй байгаа байдал нь Хятад дахь Монгол хаадыг мухардалд оруулж, Төвдийн лам нарын, далдын хүчний тусламжаар дэлхийн гадна болж буй гажууд явдлаас нийтийг аварч чадах мэт дүр эсгэж, хүмүүст ойлгуулж байгаа нь найдлага төрүүлэн, уг шашинаар сүнсээ авруулахаар Буддын шашны Төвдийн урсгалыг авлаа. Монголын Алтан ургынханд хоригдол нэг бүрийн сүнсийг чөлөөлөх явдал нь тэдний амьдралын үргэлжлэлд нас нэмэгдэн уртасна гэж итгүүлж чадсанаараа Төвд лам нар цаашдаа цэцгэлэн дэлгэрэх амжилтанд хүрчээ. Үүний нэг харгис хэлбэр болж лам хүн Монгол хааны хатны нөмрөгийг нөмрөн, шар үхэр унаж, ордны тамхимаас хаалга хүрэх замдаа ялтан хүнийг олж түүнийг тонилгож байгааг дүрслэн торонд хоригдон байгаа шувуу алах ёслол байжээ.

            Удалгүй Төвдийн лам нар Буддын шашны Тантрын ёсны заншил, бэлгийн замналаар гэгээрлийг олдог гэсэн шинэ хэлбэрийг турхирлаа.  Энэ урсгал нь Алтан ургынханд ямар нэг найдлага төрүүлэн хүчтэй нөлөөлж, нямбайлан хийгдэх бэлгийн замналын бүжгийг урлаг болгосон нь Их хааны сонирхолд нийцэн дон шүглэж, нүгэл хураасан Төвд лам нарын өлөн нүдний өмнө хийгдэх эзэн хааны дуртай цэнгээний нэг боллоо. Буддын шашны нөлөөгөөр ганхсан засаглалыг аварч, хааны насыг уртасгана гэж Их хааны ордонд амьд хүнээр Төвд лам нарын хийсэн нууц тахилгын тухай цуурхал гадагш алдагдан Хятад иргэдийн дунд сэм  яригдан газар авлаа. Завхайрал болон сэтгэцийн солиорол ихсэн, Их хааныг ятган итгэлийг нь эзэмдэн Төвд лам нарын  хийсэн харгис ёслол Мөнх Тэнгэрийн таалалд ч нийцсэнгүй, ард олны сэтгэлд ч зохисонгүй. Хятад дахь Монгол удирдлага сүнс болон бэлгийн замаар туршилт хийн завгүй байх энэ хооронд Улсын нийслэлийн дотор Монголчуудын хориотой хотын гадна хүмүүсийн дунд үл итгэлцэл ихсэж Төр уналаа.

            1335 онд Пэрсэд болсон шиг 1368 онд Хятад дахь Монгол төр түргэн устжээ. Ил хаантын Монгол удирдлага оршин байгаа газрынхаа илэрхий олон хүмүүсийн дунд уусан үрэгдэж, зарим нь алагджээ. Их хаан Тогоонтөмөр 60 орчим мянган хүнтэй армиа авч Мингийн удирдлагаас зугатан гарч чадсан ч цаана нь 400 гаруй мянган Монголчууд үхэж үрэгдэн, уусаж ор мөргүй болов. Оросод байсан Алтан ордныхон жижигрэн олон хэсэгт хуваагдаж, урьдийн хүчийг гээж 400 жилийн нүүрийг үзлээ. Амархан олдсон төрийн удирдлагад баярлаж хөөрсөн Мингийн засаглал Монголчуудын довтолгооноос болгоомжлон Мин улсын нийслэлийг урагш Нанжинд нүүлгэсэн боловч дэндүү их төвлөрөн зангидагдсан эдийн засгийн эргэлтээс болж Хубилай хааны байгуулсан Хаанбэлэг хотод эргэн ирж Бээжин гэж нэрлээд Монголчуудын довтолгооноос айж Мин улсын хил болгон Цагаан хэрмийг шуурхайлан үргэлжлүүлэн барьж, урьдийн Монгол засаглалын худалдааны тогтолцооны нөлөөллөөр амьдрал үргэлжлэв.

            Мөнх тэнгэр шашнаа мартан, элэнц өвөг дээдсээ гомдоож, бусдын ёс заншил, шашин Буддад итгэж Төвдүүдэд бузарлагдан, зуун жилийн өмнөх Хубилай хааны гаргасан зарлигийг умартан будилж, хөглөн азаар амьд гарч цөөхөн монголчууд аврагдлаа. Ингээд Богд Чингисээс уламжилсан эрч хүчийг гайхуулан довтлон шумбагч Цагаан шонхорт тугийг халж, энэ болон хойч үедээ ариун гэр бүлийн ёсыг эрхэмлэн, үр ач, гучаараа дөрвөн талаасаа хана мэт хүрээлэгдэн өдөр, шөнө ялгалгүй гал мэт дүрэлзэн бадарч явахаа мах цусаараа тангараглан Мөнх Тэнгэртээ хадав гэсэн гүн утга бүхий тугийг төрийн далбаа болгон тахиж Их Монгол гэж нэрлэн магнай дээрээ мандуулаад, 1206 онд ямар байсан, тэр янзандаа эргэн орж, малаа маллан, адуугаа хариулсаар амьдрал үргэлжлэв. Хос загас хэмээх соёмбоны голын дүрс нь ариун гэр бүлийг ёгтлон, ханиа энхрийлэн тэвэрсэн эцэг, хайрын дөлөнд улайсан эхнэр хоёрыг дүрсэлдэг билээ. Цэнхэр өнгөөр Мөнх тэнгэрийг, улаан өнгөөр цусан тангаргыг бэлгэджээ. Ингэж Монголчууд бид, ариун гэр бүлээ дээдлэн, төрийн далбаандаа урлаад, элэнц өвөг дээдсийнхээ гэгээн сүнсний өмнө тангаргалан өргөж яваа билээ.

    Хэдийгээр 1634 оныг хүртэл үлдсэн хэдэн Монголчууд нэгдсэн хэвээр байсан боловч Лигдэн хутагт хаанаас хойш Манж улсын арганд автан, ёс заншил, шашин солигдож Чингис хааны Их төрийн Хасбуу  тамга ор сураггүй алдагдлаа. Лигдэн хааны мөхөл нь дахиад л Буддын шашинтай холбогджээ. Тулгын гурван чулуу шиг урдуураа Өвөрлөгч Монголоор, Зүүнээсээ Ойрд Монголоор, Хойноосоо Буриад Монголоор хамгаалагдан цөөхөн үлдсэн тэнгэрийн хүүхдүүд хувь зохиолоор Мөнх Тэнгэрийн орноо Халх-лах ёстой үлдэж Тэнгэр, бурхан хоёрын дунд эргэлзэн гайхсаар бөх гэгчийн нойронд дарагдлаа. Хэдийгээр ороо бусгаа тэмцлүүд энд тэнд гарч байсан ч Тэнгэрийн хүсэлт ёсоор Богд Чингисийн бүтээсэн үйлстэй яаж ч жиших билээ. Гэвч бид Мөнх тэнгэрийн орноо авч чаджээ.

             Хөх манхан Тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

             Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

             Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

              Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

              Хөх манхан Тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би ...

гэж бидний ахмад үе, Б.Явуухулан Тэнгэрийн орноо бахдан бичээ юу  гэлтэй. 
 Болхи миний шүлгэн хэлхээ:

          Нар нь хүртэл бидний  дээрээс арай л  

                                            өөрөөр тусан мэлмийг мялааж

          Намираа сэвэлзүүр салхи нь сэтгэлд

                                            Тэнгэрийн үгийг зөөлнөөр шивнэх шиг

          Монгол хэмээх их нэр хаа ч явсан

                                             чихийг мялааж, зүрхийг минь хөглөсөн

          Мөнх Хөх Тэнгэрийн оронд төрөх,

                                                       хувьтай байжээ, бид.                                                                                          

            Дэлхийн улсуудыг  энх тайвнаар харилцан орших Тэнгэрийн хүсэлт ёсыг гажуудуулж, хожмын нэгдсэн улс бутрах эхийг Мөнх хааны дараах Монгол хаадууд өөрсдөө бүтээжээ.

... Мөнх хааныг тэнгэрт хальснаас жилийн дараа буюу 1260 онд Чингис хааны Их засаг ёсоор Их хуралдайг хуралдуулж Монголыг Аригбөхөөр захируулсанд Хубилай хаан дургүйцэн Мөнх Тэнгэрийн зарлигийг зөрчиж, өөрийгөө Их хаан гэж өргөмжлөөд улсын дотор иргэний дайныг үүсгэж, Мөнх Тэнгэрийн хүүхдүүд гэж биднийг итгэн дагасан үй олон иргэдийн сэтгэлийг эргэлзтэл Эзэнт гүрний Нэгдсэн Төрийг ганхуулж эхэллээ ...

 

            Нууц товчоог суурилан судалж, Чингисийн Их засаг хуульд тулгуурлан, бөөгийн ёсыг ч харгалзан үзээд, Мөнх Тэнгэр шашин гэдэг ойлголтыг дүгнэвэл, бидний өвөг дээдсийн Алтан сургаал гэсэн утгыг агуулах юм байна. Энэхүү соёлоо алдмагц бидний оюун ухаан, оройноосоо хамгаалалтгүй болж, осолдож зовон, орчлон дэлхийг хамарсан өвчин дэлгэрч, олны бослого, самуун дэгдэхэд юугаар ч нөхөх боломжгүй болж асар их хохирол амсан, олноороо үхэж,  үрэгдэж байжээ.

            Түүгээр тогтохгүй аливаа улс үндэстний шашин нь  тухайн ард түмний соёлын өмч болж, тэдэндээ зориулагдсан байдгийг ухааралгүй дагаснаас Бурхан шашин Хятад болон Төвд үндэстэнд аз авчирч, Тэнгэр язгуурт Монголчууд бидэнд гай, зовлон тарьсаар уджээ.

            Цагийн байдал борооны үүл мэт хувирахад  шашин холдсон бидний өвөг дээдэс алдан осолдож, улс үндэстнээ аврах гарц хайн, бусдын шашныг сонгон буруудаж, Мөнх Тэнгэрээ гомдоож, Тэнгэртээ орхигдон  гээгдсэн юм байна.

            Гэсэн хэдий ч, аливаа юмс цаг хугацаатай байдаг болохоор урьдийн юм өнгөрч Мөнх Тэнгэр биднийгээ хайрлан  уучилж, сайхан сэтгэлийн үүднээс өршөөлдөө авья гэж байна!

 

               Бид Чингис болон Тэнгэр язгуурт өвөг дээдсээ хүндлэн шүтэх,

                                   Тэнгэрийн хүүхдүүд байж чадах уу?

                                                                        

 

(Монгол түмнийхээ цусаараа бичсэн түүхээс өгүүлж, хожим алдахаас сэргийлэн болгоомжлуулж,  үндэстнээ хамгаалах хүслээр зориглон бичиж, үзэж туулсан амьдралын үнэнээс түүвэрлэн оруулав)

 

                  Мөнх Тэнгэр элэнц өвөг дээдэс минь төөрч, будилсан

                                         үр, ач биднийгээ өршөө!

           

          Абатай сайн хааны 17 үеийн үр, Боржигин Самбуугийн Болдбаатар

                             2010 оны тавдугаар сарын 3 ( Конкорд хот)

 


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-05-06 өдөр 00:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Sain baina uu,
minii duu yamar ikh gun uhaany utga sanaatai zuil bichee ve. алга ташилт Bayar hurgeye
Бичсэн: Oyungerel egchees ni (зочин) 13:54, 2010-05-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax