Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Бэй Аэриагийн Монголчуудын баяр наадмын тоймоос

Бэй Аэриагийн Монголчуудын баяр наадмын тоймоосPDFХэвлэхИ-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 13-07-2010 19:17

Бямба гарагт Сан Франциско хотын Алтан Үүд (Голден Гэйт) цэцэрлэгт хүрээлэнд Бэй Аэриагийн монголчууд баяр наадмаа өргөн дэлгэр ёслол төгөлдөр сайхан тэмдэглэлээ. Сан Франциско хотноо 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа баруун эргийн монголчуудын энэхүү баяр наадмын ажиллагаа хамгийн анх тэмдэглэж байсан талбай дээрээ эргэн ирж бууриа сэлгэсэн юм. Одоогоос арван гурван жилийн өмнө “Вест Спийдвэй Мэдоу” хэмээх энэхүү талбайд цөөн хэдэн монголчууд видео камерийн суурь дээр жижиг туг бэхлээд америкийн баруун эрэгт анхны наадам хийж байсан нь түүх болон хоцорчээ. Энэ жил хол ойроос хүрэлцэн ирсэн хоёр мянга орчим наадамчид өнгэ өнгийн асар майхан дэлгэн зассан уудам цэлгэр зүлэг ногоон талбайг тойрон тухлаж тавтай сайхан наадлаа.

БАМХ-ноос томилогдсон баярын комисс бэлтгэл ажлуудыг тун сайн хийсэн нь олны нүдний өмнө ил харагдаж байсан. Ажил үүрэг хувиарлан авсан хүмүүсийн идэвхи санаачлага, хариуцлага хичээл зүтгэл, цаг зав мөн олон байгууллага хувь хүмүүсийн дэмжлэг туслалцаа, нэмэр хандивын үр дүнд баяр ёслол маань бахтай сайхан болж өнгөрснийг тэмдэглэхэд таатай байна.

Баярын хөтөлбөрийн дагуу наадмын нээлт ардын урлагын “Хөх тэнгэр” хамтлагын бөөгийн дуудлага бүжигээр эхлэв. БАМХ-ны тэргүүн Ц.Хишигбаяр наадам нээж мэндчилгээ дэвшүүлсний дараа Бэй Аэриад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн байгууллагын төлөөлөл гарч ирлээ. Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ), Калифорни муж дахь Монгол Эмч нарын зөвлөл, Оакланд хот дахь хүүхэд багачуудын “Гэр” төв, бие хамгаалах урлагын “Дашаа доожо” дэвжээ, Калифорнийн Монгол шагайн харвааны товчоо, Оакландын монголчуудын хөлбөмбөгийн шилдэг баг “Темескал Райдерс”, ардын урлагын “Хөх тэнгэр” хамтлаг, “Хөх Монгол” рок хамтлагын төлөөлөгчид жасаалаар явж мэндчилэв.
Энэ дашрамд дурдхад шагайчдын жагсаалд илгэн монгол хантаазаар гангарч ковбой малгай духдуулсан нэгэн америк эр явсан нь “Мэргэ” багийн жинхэнэ гишүүн энэхүү монгол тоглоомонд эргэлт буцалтгүй орсон америк харваач Францис байв. Эртний эдлэл цуглуулж эвлүүлэх хоббитой тэрбээр наадмын талбайг чимсэн эртний монголын хар сүлдийг эд өлгийн арвин цуглуулагтай нэгэнээс зээлж авчран цэнгүүлсэн юм.

Дараа нь төрийн далбаагаа залах ёслол боллоо. Энэ жилийн наадамд алтан соёмбот тугаа мандуулах хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийг нэгбүрчлэн танилцуулая. Монголд болсон цас зудны гамшигт нэрвэгдсэн малчиддаа туслах хандивын үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харъяат Дуламжавын Мөнхбат, 2010 оны 1-р сард "Монгол хүүхдүүд Монголдоо эмчлүүлж эдгэрэх боломжийг нэмэгдүүлцгээе!" гэсэн уриатай "Эрүүл Үрс" олон нийтийн үйл ажиллагааг үүсгэж, олон түмнээс хандив цуглуулан Эх Нялхасын эмнэлэгт маш дутагдалтай байдаг хяналтын монитор авч бэлэглэх ажлыг амжилттай зохион байгуулсан сайн үйлсийн эзэн Бадамдоржийн Сарнай, эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллаж, олон зуун үрсийг энх мэнд эх барьж авсан буянтан, ЭМЯ-ны тэргүүний ажилтан, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Найдангийн Гэрэл, чөлөөт бөхийн ОУХМ, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, улсын 6 удаагийн аварга, Бэй Аэриагийн наадмын 6 удаагийн түрүү бөх Архангай аймгийн харъяат Адъяахүүгийн Болдсүх, 2010 оны америкийн аварга шалгаруулах жюдо бөхийн нээлттэй тэмцээний хүрэл медалт, Ази тивийн самбо, жүдо бөхийн 4 удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт, жюдо бөхийн ОУХМ Бантуугийн Мөнгөнтуяа, Булган аймгийн Сайхан сумын харъяат, Сан Франциско хотын Эмануэл сүмийн тэргүүлэгч, олон буяны үйлсийн эзэн Очирын Отгонбаатар, 2009 оны шилдэг сурагч, онц сурлагатан Ганбадрахын Үлэмж, Монголын Хүүхдийн ордоны мөнгөн медальт, Бөркли хотын бага насны сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний 1-р байрын шагналт, авъяаслаг охин Гомболүүдэвийн Энхжин нар байлаа.

Соёмбот тугаа талбайд залж төрийн дуулал явсны дараа урлагын тоглолт эхлэв. Номхон дөлгөөн далайн салхинд илбүүлсэн америкийн баруун эргийн зүлэг ногоон талбайд цангинах уртын дууны шуранхай монгол наадмаа хөглөн, морин хуурч Ч.Оргилсайхан, Б.Балдандорж нарын тоглосон “Үүлэн борын явдал” аяз, Батзориг багштай “Би монгол” сургуулийн бяцхан охидын хийсэн Баяд, Захчин бүжиг, хөгжимчин Туулын тоглосон ардын гурван дууны найруулга шанз хөгжмийн гоцлол, дуурийн дуучин Батхуягын дуулсан “Монголын сайхан орон”, Хөх монгол хамтлагын дуулсан “Толин хул”, “Чингисийн баатрууд” зэрэг ая дууны мэндчилгээ наадамчин олны сэтгэлийг хөгжөөв.Энэ жилийн Бэй Аэриагийн наадмын урлагын тоглолтын гол шигтгээ болсон Ардын жүжигчин дуучин А.Долгор тайзнаа гарч ирлээ. Тэрээр харийн нутагт суугаа элгэн садан монголчууддаа хандан халуун дулаан үгээр мэнд дэвшүүлэн ая дуугаа эхлэв. Монголын урдаа барьдаг дуурийн дуучин - Ямар уудам юм бэ Монголын хөх тэнгэр... гээд цангинуулхад нутгаа санасан наадамчин олны сэтгэл зүрх омогшин огшиж ардын дуучны хоолойны чадал царыг хуран цугларсан монголчууд төдийгүй хүрэлцэн ирсэн америк наадамчид бахдан магтаж дуу алдаж байлаа. Урлагын тоглолтыг бэлтгэн зангидаж найруулсан хөтлөгч Батсоёмбо, Батзориг, Төмөрчөдөр, Т.Эс-Олдох, Ш.Баатар, Я.Баатар нарт баярлалаа.

Үндэсний бөхийн барилдаанд хүчит 32 бөх зодоглон уран мэхийг уралдуулан барилдаж аймгийн заан А.Болдсүх түрүүлж цэргийн начин Д.Гомбодорж үзүүрлэв. Болдсүх начины хувьд Бэй Аэриагийн наадамд нийтдээ долоон удаа түрүүлж 4 удаа үзүүрлэсэн өвөрмөц амжилтыг үзүүлээд байна. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр аймгийн начин ухасхийж дайраад цэргийн начны баруун хөлийг авч сэхээ самбаа өгөлгүй давлаа. Наадмын өмнөхөн болсон сорилго барилдаанд эд мөн л тунаж үлдээд Болдсүх хөл авхад нь Гомбоо дагуулж гуядаад давсан билээ. Ийм мэх ирнэ гэдгийг Гомбоо мэдэж тооцож байсан ч энэ удаа яаж ч чадсангүй. Аймгийн дайтай наадамд алгасалгүй зодоглож удаа дараа түрүүлсэн Болдсүх начны энэ амжилтыг МҮБХ-нд мэдүүлэн цол зэрэг ахиулах хэрэгтэй санагдана. Сүүлийн гурван жил дараалан наадамд үлдэж өгөө аваатай яваа энэ хоёр бөхийг наяад оны улсын наадмын байнгын үзүүр түрүү “хоёр Мөнх” гэлтэй. Оакланд хотын Бат-Өлзий өөрийн хийсэн ур хийцтэй дурсгалын самбараар уран барилдааны шагналыг ивээн тэтгэж “Дашаа доожо” дэвжээний бөх, гардан тулааны урлагын ОУХМ Отгонбаярыг шалгаруулан шагнав.

Ирэх жилээс “хоёр Мөнхийг” давж халаа авах учиртай ирээдүйн залуу бөхчүүдийн барилдаан бас тун сонирхолтой боллоо. Монголоос БСШУЯ-ны ажилтан Дамбийнямын илгээсэн ур хийц сайтай улаан хөх зодог шуудаг өмссөн залуу хөвгүүд зассан шагай шиг харагдана. Өсвөрийн бөхчүүдийн барилдаан 2 насны ангилалаар явагдахад 10-12 насанд Улсын харцага Жавхлантөгсийн ууган хүү Дүвчин түрүүлж бөхийн удамаа давхар баталлаа. Шагнал гардуулах үед шагайн тойрмоос салахаа болиод удаж байгаа улсын цолтой аав нь дуудагдан ирж хүүгээ түрүүлснийг мэдээд хөөр баяр болж байв. Үзүүрт үлдсэн Мөнхбаярын Төгөлдөр бие хаа тэгш сайн бөх болох шинжтэй хүү харагдав. 13-15 насны барилдаанд Одбаярын Алтангэрэл түрүүлж Батсайханы Ананд үзүүрлэлээ. Алтангэрэл хүү жюдо бөхөөр амжилттай хичээллэн америкт эх орныхоо нэрийг дуудуулж яваа нэгэн билээ. Жил жилийн хүүхдийн барилдааны шагналыг ивээн тэтгэдэг уламжлал дагуу барилгын засвар үйлчилгээний бригадаа төлөөлөн Д.Мөнхбат, Д.Мөнхбаяр нар үзүүр түрүүнд үлдсэн хөвгүүдийг унадаг дугайгаар байллаа. Бөхийн засуулаар ажилласан Энхболд, Батхуяг, С.Болдбаатар, Д.Лувсанжамбаа нар, хөлийн цэцээр ажилласан Лхагвадорж, бөхийн барилдааныг сонирхолтой тайлбарлан үзэгч түмэнд хүргэсэн Базаррагчаа нарт талархал дэвшүүлье.

Эрийн гурван наадмын хурдан морины уралдааныг орлодог хүүхдийн гүйлтийн уралдаанд 4 насны хорь гаруй “даага” гарааны зурхайнаас ухасхийн гарч уралдлаа. Өхөөрдөм хөгжилтэй энэ уралдаанд зарим “даага” гараан дээрээ үлдэн хоцорч зарим нь эргэж хадууран бөөн инээдэм болж байв. Ингээд Эрдэнэцогтын Билэгт, Сайнбилэгийн Мандуул, Банзрагчийн Анар, Энхмандлын Эрхэс, Соронзонболдын Эрхэс нар айргын тавд хурдаллаа. Энэ жилийн “баян ходоод” болсон “даага” ганц биш байсан тул онцлон шалгаруулсангүй бүгдэнд нь бэлэг гардуулав. Хурдан “дааганууд” дараа нь наадмын талбайн захад захиалан авчирч босгосон үсэрдэг том тоглоомон дээр өдрийн турш хөгжилдөн тоглож орох хаалганы дэргэд ирсэн мөхөөлдөсний алаг машиныг тойрон өнжсөн. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн өндөр настан Х.Лена хүүхдийн уралдааны 25 ш малгай хийж явуулан ивээн тэтгэсэн билээ. Хурдан даага унасан хүүхэд болгон магнай дээрээ дугаартай хөөрхөн тэр малгайгаар гоёсон байсан. Мөн наадамд хүрэлцэн ирсэн бүх хүүхдэд тусгайлан бэлдсэн 200 ш бэлэг тараасан бөгөөд энэ бэлэгийг М.Айгул, Уянга, Должин, Амгалан нар мөн Сан Францико хотын Г.Өнөржаргал, Г.Буянжаргал, Г.Хишигжаргал нарын бүсгүйчүүд тус бүр 100 ш-ээр бэлтгэн хишиг тараалаа.

Шагайн тойромд 5 баг өрсөлдөн онч мэргээ сорин ширүүн өрсөлдөв. Хөрш Сакраменто хотоос ирсэн баг энэ жилийн наадмаар онцгой сайн харваж хамаг шагналыг хамах дөхсөн байна. Багийн харваанд Цолмон ахлагчтай “Уухай” баг түрүүлж Сакраменто хотын Эрдэнэчулуун ахлагчтай “Тойром” баг удаалж Эрдэнэбаяр ахлагчтай “Эв Эе” баг 3-р байранд шалгаран алт мөнгө хүрэл медалын эзэд болцгоов. Цуваа харваанд Сакраменто хотын Ганзориг 20 сумнаас 19 онож түрүүлсэн бол Оакландын дэд мэргэн Цолмон 17 онож удааллаа. Харин гуравдугаар байрын төлөө Конкордын Цэрэн, Сакраментогийн Эрдэнэчулуун, Соёлоо нарын гурван харваач оноо тэнцэн дахин харвахад Соёлоо илүү онож хүрэл медалаар энгэрээ мялаав. Шагайн тойром жилээс жилд өргөжин тэлж буй нь багуудын барьсан сум хасаа, өмссөн зүүсэн, өгч авч байгаа шагнал урамшууллаас илхэн харагдаж байна. Чикаго хотноо болох америкийн монголчуудын шагайн аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээний өмнө сорилго болсон наадмын харваа тун сайхан боллоо.

“Замдаан” сэтгүүлийн нэрэмжит олс таталтын тэмцээн онц сонирхолтой боллоо. Оакланд, Сан Франциско хотын бүлтэй чадалтай булчинлаг засуусаас бүрдсэн 8 баг оноолтоор өрсөлдөж Сан Франциско хотын Билэгээ ахлагчтай “Найзууд”баг бяр чадал заан тэргүүлж Булган ахлагчтай “Би Монгол” баг удааллаа. Олныг хөгжөөн уухайлуулсан энэ тэмцээнд Бат Эрдэнэ ахлагчтай “Бид чадна”, Өлзий ахлагчтай “Залуучууд”, Оюунболд ахлагчтай “Оакланд”, Бат-Энх ахлагчтай “Дашаа доожо” дэвжээ, Отгонбаатар ахлагчтай “Эмануэл”, Ачаа тээврийн үйлчилгээний “Соко энд Зоригоо” багууд өрсөлдсөн бөгөөд тэргүүн байр эзэлсэн “Найзууд” багийн 10 залууг Майкрософт компанийн салбарт ажилладаг мэргэжилтэн бүсгүй М.Сувдмаа компанийнхаа логотой цамц үзэгээр шагнаж урамшууллаа. Тэмцээн явуулхад талбайд тусалсан Сүрэн ах, Эрдэнээ, бас нэрийг нь тогтоож амжаагүй нэгэн залууд баярлалаа.

Наадмын талбайг тойроод хамт олоноороо, гэр бүлээрээ майхан сүүдрэвчээ босгож бэлтгэн ирсэн идээ тавгаа засааад тухлан сууж тав тухтай наадацгаав. Хоол хүнсний худалдааны цэг хангалттай олон ажиллаж оочер дараалал үүсэх зовлон байсангүй. Мөн талбайд төрөл бүрийн үйлчилгээ сурталчилгаа явагдаж байснаас заримыг сонирхуулхад Эл Серритогийн Найрамдалын эрхэлдэг онлайн дэлгүүр бэлэг дурсгалын эд бараагаа элбэг дэлбэг дэлгэж Лос Анжелес хотоос ирсэн авъяаслаг зураач Мөнхтөр хөрөг зураг хоромын дотор буулган, уран бийрээр нэр хаяг хуучин монголоор бичиж мэргэжилийн үйлчилгээ явуулав. Мөн америк дахь монгол зохиолч яруу найрагчдын АМУЗ төв ном бүтээлээ дэлгэн, Валнут Грийкийн Саруулдарь охин орчуулгын номоо сурталчлан, Фриймонт хотын Саруул бага насны монгол хүүхэд багчуудад зориулан саяхан бичиж хэвлүүлсэн монгол хэлний цагаан толгой цуврал номоо танилцуулж зогсоо харагдана. Мөн Монголоос саяхан авчирсан үндэсний содон зураг бичигтэй футболк гүйлгээ сайтай байв.

За тэгээд амттай хуушуур, салад, алаг эрээн шорлог, халуун цай, сэрүүн ундаа юм юм л байсан. Зарим нэгээс нь цухас дурдхад “Дээжис” брэндийн нарийн боовны цэг, Нараа Даваа, Нараа нарын давс сонгино нь таарсан хуушуур, Эрдэнээгийн эрээн алаг амтат шорлог, Хосоогийн хольцгүй махан амттай хуушуур Цуваа, Сүхээ хоёрын гэрийн хиицтэй гарын хуушуур гээд уртаас урт жагсаалт гарна. Үйлчилгээ явуулсан хүмүүсийг бүгдийг нь тусгайлан тэмдэглэж аваагүйдээ хүлцэл эрье.  

Баярын талбайд буцлаж байсан бас нэгэн үйл явдал бол хөлбөмбөгийн дэлхийн аваргын 3-р байрын төлөө Герман Уругвайн халз тоглолтыг наадмын комиссоос амласан ёсоороо шууд нэвтрүүлсэн явдал юм. Энэ чухал тоглолтыг наадмын талбайд үзүүлэх ажил олон хүний оролцоо туслалцаагаар саадгүй сайхан бүтлээ. Дайрект ТВ сансрын антенныг өглөө эрт угсран зоож бэлэн болгосон Конкордын нэр нэгтнүүд С.Болдбаатар, Д.Болдбаатар, хаа холоос антеннаа зөөж авчран тусалсан Сакраментогийн Ганзориг, хүлээн авагч төхөөрөмжөө хэрэглүүлсэн Аламедагийн Чингүн, Минжээ нартаа хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс гүн талархал дэвшүүлье! 

Хөлбөмбөгийн тоглолтын дараа хоосон үлдсэн сүүдрэвчинд хэсэг охид ирж хүүхэд багачуудын хацар нүүр, гар дээр монголын далбааны өнгөтэй хөөрхөн чимэглэл зурж өгч байв. Эд нар бол Сакраменто хотын Энхбатын Намуунаа тэргүүтэй охид хөвгүүд байв. Тэд золгүй ослын улмаас хөлөө тайруулсан найздаа туслахаар буяны хандив цуглуулах алжыг санаачлан олон хүнээс хандив дэмжлэг авч ганц өдрийн дотор мянга орчим доллар хуримтлуулаад найзынхаа ээжид өгч байсныг онцлон дурдмаар байна. Ууганбаяр маань урд жилийн наадмаар барилдан шөвгөрч байсан нь саяхан. Тэрээр одоо дахин мэс засалд орох шаардлагатай болоод байгаа юм.
Сайхан сэтгэлтэй Намуунаа нарын охид хөвгүүд, хандив тусламж өргөсөн нийт наадамчин олон та бүхэндээ ахын хувьд мэхийн талархаж байна.

Наадмын төв асар тайз чимэглэлийг угсрах ажилд олон хүн оролцон туслан засаж босголоо. Тухайлбал Милбрай хотноо байрладаг засварын газрын засварчин Ганбаа тэргүүтэй Мияагаа, Самбуу, Чулуунсүх, Ш.Баатар, Г.Мандуул, Төгөлдөр, Баасансүрэн нарын залуус их асарын бэхэлгээ тулгуур багануудыг тааруулан хийж зангидан бэлэн болгосон бол, наадмын тайз босгох ажлыг “Дашаа доожо” дэвжээнийхэн хариуцан хийлээ. Тус дэвжээний охид хөвгүүд наадмын талбайн хамгаалалтыг давхар хариуцан хийж гүйцэтгэсэн юм. Милбрай хотын Баяраа, Баасансүрэн, Б.Төгөлдөр, талбайн тохижилт хувиралалтыг гардан хийсэн Эрдэнэбат, С.Түвшинтөгс, үүдний үйлчилгээнд ажилласан Д.Баярсайхан, Г.Буянжаргал, Б.Энхжаргал, С.Цэрэндулам, Х.Солонго, А.Тэлмэн, А.Цолмон, А.Тэмүүлэн, наадмын их асарт ажилласан Сүрэн ах, Г.Тунгалаг, Ц.Алтантуяа, Д.Дүүрэнжаргал, Б.Тэмэндэмбэрэл, идээ будааг бэлтгэн нийлүүлсэн Оюунгэрэл, часхийсэн сайхан айраг бэлтгэж авчирсан Н.Энхжаргал, санхүү тооцоог гардан хариуцсан Б.Загдсүрэн, дуу хөгжмийн соунд тохиргоо техник хэрэгслийг гардан хариуцсан С.Төмөрбаатар, худалдаа үйлчилгээний зохион байгуулалтыг хариуцсан Даваадорж, Нараа, Түмээ, хөтлөгч Батхуяг, Ц.Батсоёмбо нартаа их баярлалаа.

Баярын талбайн цэвэрлэгээг хариуцан хийхээр санаачлага гаргасан Сан Франциско хотын Отгонбаяр тэргүүтэй Христийн “Эмануэл” чуулганы хамт олонд нийт наадамчдынхаа өмнөөс талархал илэрхийлье! Тэд өдрийн турш талбайг цэвэрлэн хог хаягдлыг ялган цуглуулж хоёрдахь түүхий эдийг тушаагаад орлсон орлогоо хүүхдийн байгууллагад хандивлах бодолтой байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Наадмын дараа талбайд барьж босгосон асар майхан, тайз, чимэглэлийг хурааж дуусах хүртэл тус хамт олон зохион байгуулагчидтай хамт үлдэж талбайг ганц ч хаягдалгүй болтол цэвэрлэсэн. Ирэх жил энэ газараа наадам хийхээр хүсэлт тавихад паркийн захиргааны өмнө нүүр бардам боллоо.

Мөн талбайд наадмын үйл ажиллагааг сурвалжилсан “Калифорнын Монголчууд” студийн редактор Н.Шинэ-Од, зураглаач С.Эрдэнэбат, Манда студийн Мандах, мэргэжилийн фото зурагчин Э.Эрдэнэбаяр, Сакраментогийн Чинбат нарт талархал дэвшүүлье!

Оройн арга хэмжээ Оакланд хотын төв дэх Ахмадын ордоны тохилог бүжгийн танхимд боллоо. Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин А.Долгор, дуурийн дуучин Батхуяг, “Хөх Монгол” хамтлаг ээлжлэн ая дуугаа өргөсөний дараа залуусын диско бүжиг шөний дунд болтол үргэлжлэв. Харин нилээд оройтож эхэлсэн баярын диско ид дундаа үргэлжлэж байгаад хаах цаг болсон тул залуус багагүй гомдолтой байсан. Шөнийн 12 цагт үүдээ барих журамтай тул дагахаас өөр арга байсангүй, оройн найман цагт гэж зарлаад бэлэн хүлээж байхад цагтаа цуглаагүйд бас буруу бий. Харин эрт ирсэн дунд насны голдуу наадамчид дуурийн нэртэй дуучны сонгодог аригийн аянд нийтийн бүжиг хийж сайхан концерт үзэцгээв.

Ийнхүү энэ жилийн наадмын арга хэмжээ ярих дуулгах сонинтой, урлаг соёлын сайхан тоглолттой, хол ойрын зочид гийчидтэй, хүүхэд багачуудын хөөр баясал, наадамчин олны хөл хөдөлгөөн ихтэй, идээ будаа, эд бараа элбэг дэлбэг сайхан болж өнгөрлөө. Америкийн баруун эрэгт тэмдэглэсэн арван гурав дахь наадмын тоймыг ийнхүү товчлон хүргэв. Гэрэл зургийн сурвалжлагыг энд дарж үзээрэй.http://zamdaan.com/

Мэдээ болон тоймыг бичсэн Д.Цэрэндорж
2010 оны 7 дугаар сар 13
Сан Франциско хот


Хандив үзүүлсэн байгууллага хувь хүмүүсийн жагсаалт

1. Жим интернэшнл компани. (Наадмын төв асарын шинээр захиалж хийлгэх ажлыг ивээн тэтгэсэн)
2. Сан Франциско хотын Эмануел Христийн чуулган - $200
3. Оакландын Даваа, Нараа нарын гэр бүл - $100 + Бэлэг дурсгалын зүйл
4. Бэй Аэриагийн монголчуудын хөлбөмбөгийн зөвлөл - $100
5. Оакландын Баярсайхан, Баасансүрэн нар - $100
6. Бэй Аэриагийн монголчуудын шагайн товчоо - $200
7. Мэндээ (Конкордын) - $100
8. Бор, Ууганцэцэг нар - $130
9. Батсуурийн Ганзориг, Батсуурийн Нэргүй нар - $250
10. Монгол эмч нарын зөвлөл - $100
11. Гантуяа (Aчаа тээврийн "Хоёулаа хүү" компани) - $300
12. Эмэгтэйчүүдийн холбоо - $100
13. Ган-Очир (Аламеда) - $100
14. Ш.Баатар (Сан Франциско) - $100
15. Сан Франциско хотын Лачин, Байгалмаа нар - $100
16. Англофрейд компани - $200
17. М.Бат-Эрдэнэ - $50
18. Оакландын Б.Бадрал, Гангатуул нар - Үнэ бүхий зүйл
19. Валнут Грийкийн Баяраа Ариунаа нар - $40 үнэ бүхий зүйл
20. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн өндөр настан Х.Лена хүүхдийн уралдааны 25 ш малгай хийж явуулан ивээн тэтгэсэн
21. Оакландын Батжаргал, Цасчихэр, Төгөлдөр нар - $100
22. Аламедагийн А.Болдсүх - $100
23. Майкрософтийн төвд ажилладаг М.Сувдмаа - Олс таталтын тэмцээний тэргүүн байрны шагналыг ивээн тэтгэсэн.
24. М.Айгул, Уянга, Должин, Амгалан нараас хүүхдийн 100 ш бэлэг
25. Бэркли хотын Чулуунсүх, Энхжаргал нараас олон өнгийн бөмбөлөг, туг далбаа 
26. Сан Францико хотын Г.Өнөржаргал, Г.Буянжаргал, Г.Хишигжаргал нараас хүүхдийн 100 ш бэлэг
27. Мөнхбат тэргүүтэй барилгын хамт олноос уламжлал ёсоор хүүхдийн барилдааны шагнал
28. Валнут Грийк хотын Оюунгэрэл $150 үнэ бүхий тавгийн идээ боов.
29. Улаанбаатар хотоос Б.Мөнхбаатар, Ц.Пүрэвсүрэн нар бэлэг дурсгалын зүйлийг захиалан авч илгээсэн.
30. Аламедагийн Энхжаргал наадмын төв асарын айраг цагааг бэлтгэн нийлүүлсэн.
31. Сан Франциско хотын Баатар, Мядагаа - $100
32. Солонгоо эмч - $50
33. Занабазар төв. Дамчаабазар лам - $50
34. Ч.Мөнхсайхан $50
35. Чинбат (Окаланд хот дахь шүдний эмнэлэгийн техникч) - $50

Бэй Аэриагийн Монголчуудын Үндэсний Баяр - Наадам – 2010 он http://zamdaan.com/

 http://melodyofsilence.com/unicavipera/hybrid_essence.php?link=downloads.image_san_francisco_naadam_2010


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-07-14 өдөр 22:26
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax