Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Хорин нэгдүгээр зууны төмөр могой жилийн могойн чуулган.

 (Тэнэгэрт хальсан аавыгаа дурсан түүний бичсэн номноос оруулав) 
  
    Насан өндөр болсон миний бие эрдэмтэн та бүхний оюун санааг үл гүйцнэм билээ. Өглөөний наран мандахын адил ургуулан бодож, цаасан шувуутай чуулганы утга агуулгаар ярилцаж, энэ цэвүүн цагт хүмүүсийн болох, болохгүй муу үйл, үзэл бодол хэрхэн ямраар хувирахыг цаасан шувуу хэлж өгч байгаагаар харуулахыг оролдсон юм.

    Хүн байгаль хоёр зөрчилдөж, нөхөн сэргээхгүй, эвдэж сүйтгэх нь их болж, хорон шунаг бодолдоон хөтлөгдөн, их олз олохын тулд юу ч хийхээс буцахгүй, аргатай нь авч чадаад, аргагүй нь хоосон хоцорч, амьдрах ухаанаа олж чадахгүй зовж буйг олон могойны тоо дутаж, гүйцээж чадахгүй эрх мэдэл байвч олон ноёдын зөрүүтэй үйл явдал дарамт болдгийг харуулах санаа агуулсан юм.

    Хүмүүн байгаль хоёрын тэнцвэр алдагдвал ертөнц хувьсан өөрчлөгдөж, хот суурин ч үгүй, мод ургамал ч үгүй болж, дэлхий шатаж, огт үгүйн эзэн дээд тивийн эзнээс ус авчрахад салхины хүч гал болон хувирч, мартах гэндэхийн зовлон дэлхийг мөхөөж, дахин сэргэж, хүмүүн амьтны жаргал болдгийг зовлон - жаргалан гэж дэс дараалан тоолж жаргалангаар төгсдөг учир тэр буюу !

Үүнийг уншсан-сэтгэсэн-тунгаан бодсон та бүгдэд баярламой.

Хүмүүний оюун ухаан арвижтугай.

 

                                   Шинэ зууны могойн чуулган

                                   

Шинэ зууны могойн чуулган болов.

    Лусын хаан Лүмбүмгарав Улаанбаатарын дөрвөн уулын мянга мянган могойг шинэ зууны могойн чуулганд ирэх дуудлага өгчээ.

    Эхлээд Чингэлтэй хайрханаас мянган могой ирүүл гэж тагтаа элч явуулж. Чингэлтэй хайрхан: – Миний мянган могой хөрөөний ирэнд өртөөд зуун могой дутуу байна. Баянзүрх уулын эзэнд очиж хэл гэжээ.

    Баянзүрх уулын эзэн сонсоод – Миний могой галд өртөөд зуун могой дутуу байна гэж.

Тэгээд Сонгино хайрхан уулын эзэнд очоод мянган могой шинэ зууны могойн чуулганд ирүүл гэж хэлүүлж.

    Сонгино хайрханы эзэн: – Миний хар бух монос түүн идэж яваад могойг няц гишгэсэн тул зуун могой дутуу байна гэхийг Лүмбүмгарав хаантан сонсоод – Аа, тиймүү. Тэгвэл уул, усны эзэн Дүнжингарав хаантанд очоод шинэ зууны могойн чуулганд мянган могой ирүүл гэж байна гэж хэл гэвэл,

    Уул, усны эзэн элчийн үгийг сонсоод миний мянган могойнууд утаа тоосонд дарагдаад хөдөлж чадахгүй байна гэхэд тагтаа буцаж Лусын эзэн Лүмбүмгарав хайрхандаа айлтгав. Аа, тиймүү. Үнэн бол хэцүү байна. Мөнх тэнгэр эзэнд очоод учрыг хэлээд ир гэж тагтааг явуулжээ.

    Тагтаа элч ниссээр дэлхийг мянга дахин тойроод Мөнх тэнгэр эзэнд дээрхи үйл явдлыг дэс дараалан айлтгавал,  Мөнх тэнгэр, дөрвөн уулын эзэнд, тоо дутуу байгаа могойнуудаа гүйцээ гэж зарлигдав. Тагтаа элч буцаж ирээд: - Лусын эзэн Лүмбэмгарав хайрхаан соёрхон сонсоно уу. Дутуу байгаа могойнуудаа тоог нь гүйцээ гэж байна гэж айлтгажээ.

Лусын эзэн Лүмбэмгарав могойн тоо дутуу байгаа учраа Мөнх тэнгэр эзэнд айлтгахаар өөрөө явах болж, хөлөг морио унья гэвэл, зун цаг, ган гачиг болоод морь нь явдал гүйцэхгүй туранхай байж. Цас орохыг хүлээн Хангарьдаа унаад нисье гээд очтол хангарьдын хүчит хоёр жигүүр нь хунгар их цасанд дарагдаад хөөрөн нисэх аргагүй болжээ. Ингээд санан санан суусаар сар улиралыг алдаж, бодон бодон суусаар байтал бүтэн жил өнгөрчихөж. Эцэст нь цагаан шонхор шувууны хүзүүнд нь хүний хэлээр дуугардаг хонх зүүгээд, Мөнх тэнгэрт элч болгов. Цагаан шонхор шувуу хонхоо хангинуулаад дэлхийг тойроод нисэхийг Мөнх тэнгэр сонсоод: - Цагаан шонхор шувуу чи нааш ир. Чамайг хэн явуулсан бэ? Хэл гэжээ. Цагаан шонхор шувуу Мөнх тэнгэрийг тойроод нисвэл “ Мөнх тэнгэр эзэнтэн та хурмаст тэнгэрт очоод мянган луу над руу явуулаач“ гэж Лүмбүмгаравын үгээр зүүсэн хонх нь дуугарчээ.

    Мөнх тэнгэр эзэн Хурмастын хааныд морилж, “Дунд тивийн лусын хаан Лүмбүмгарав мянган луу явуул” гэв гэж уламжлан айлтгажээ. Хурмастын хаан – Мянган луу явуулж болохгүй, дэлхий хагарна, олон амьтан оронгүй болно гэв.

       - Тийм бол Хурмастын хаантан та яахыг соёрхон айлдана уу гэвэл

       - Мөнх тэнгэр эзэн та болсон үйл явдлыг хэр сайн мэдэх вэ гэж.

       - Би сайн мэдэхгүй. Хүний хэлээр дуугардаг хонх шонхор шувууны хүзүүнд зүүсэн нь Лүмбүмгарав хааны үгээр ярьсан юм гэвэл,

       - Тэгвэл тэр цагаан шонхор шувууныхаа хонхыг аваад ир гэж зарлигдав.

    Энэ үед цагаан шонхор шувуу лусын эзэн Лүмбүмгарав хаандаа буцаж ирээд дахин, дахин нисч, буувч Мөнх тэнгэр эзнээс хариу болж хонх дуугарсангүй.                        

    Мөнх тэнгэр эзэн: – Цагаан шонхор шувуу чи хаана байна гэж хашгираад, Хурмаст тэнгэр эзэн цагаан шонхор шувууны хонхыг аваад ир гэж зарлиг болов гээд шонхор шувууг ирэхэд хонхыг авч Хурмаст тэнгэр өөд долоон өнгийн солонго болон одов. Хурмастын хаан хонхыг авч гурав сэгсэрвэл:

- Дунд тивд Лусын хаан Лүмбүмгарав могойныхоо тоог гүйцээх гээд ядаж сууна. Шинэ мянганд, шинэ зууны мянга мянган могойн чуулган хийлгэх учиртай. Дөрвөн уулын мянга, мянган могойны тоо дутууг яаж гүйцээх вэ? Айлдан соёрхоно уу гэжээ. Хурмастын хаантан лусын хаан Лүмбүмгаравын үгийг хонхны дуунаас сонсоод дутуу байгаа могойнуудынх нь тоо тутамд мянган мод тарьж ургуул. Тэгвэл болно гэв.

    Хурмастын хаан Мөнх тэнгэрт хүний хэлээр дуугардаг хонхыг нь буцааж өгөөд зарлигийг сонсго гэжээ. Мөнх тэнгэр эзэнтэн сансар огторгуйдаа буцаж ирээд хүний хэлээр дуугардаг хонхыг гурав дахин сэгсэрвэл, лусын хаан Лүмбүгарав сонсоод “Хурмастын эзний зарлигийг Мөнх тэнгэр эзэнтэн та соёрхон айлдав уу” гээд мянга мянган мод тарих газар хайгаад олсонгүй.

     Дэлхийн хүмүүс олширч олзонд хэт шунаад газрын хэвлийг ухаж сэглэснээс бүтэн газаргүй болчихжээ. Тэгэхээр нь Мөнх тэнгэр–хаваргүй, зунгүй, намаргүй, өвөлгүй болгоод арван жил тасралтгүй зөөлөн бороо оруулбал газрын хөрс эдгэрч, хүний хөл гишгэх газаргүй өндөр, өтгөн мод ургамалтай болох юм байна гээд болох юмыг болох ёсоор гүйцэтгэхэд өндөр байшин хот суурингууд газрын зөөлөрсөн хөрсөнд живж байхыг харж сорогч агаар бий болгоод Салхины эзэн эмгэнд сорогч агаарын хүчинд живсэн хот суурингуудыг ил гарч гүйцмэгц сорогч агаарыг тулмандаа хийгээд аваарай гэж зарлигдаад сансар огторгуйдаа буцжээ.

    Тэр үед эмгэн доод тивд очиж бие засахаар яваад ирвэл арван жил өнгөрч газар дээр хот суурингууд харагдахгүй болж дэлхий дээр ургасан мод, ургамлууд үндсээрээ сугараад нисэн завдаж байхыг үзээд Мөнх тэнгэр эзэнд юугаа хэлдэг билээ гэж шаналан бодсоор хоосон тулмаа чирээд явж байхад Шулмас эмгэн тааралдаж: - Зөнөг эмгэн чи юунд хоосон тулам чирж яваа юм гэвэл, эмгэн Мөнх тэнгэрийн зарлигаар газрын хөрсөнд живсэн хот суурингуудыг ил гарахаар нь сорогч агаарыг энэ тулманд хийх ёстой байсан юм. Би доод тивд очоод  буцаж ирвэл хот суурингууд алга болж дэлхийн мод ургамал үндсээрээ сугараад нисэн алдаж байхыг үзээд, одоо би хайчих билээ гээд явж байна гэвэл Шулмас эмгэн: - Сорогч агаарыг гал болгон хувирга. Тэгвэл дэлхийн мод ургамал шатна гэв. Мод, ургамал гал түймэрт үгүй боллоо. Унтраах ус олдохгүй байна гэж туламны эзэн эмгэн Мөнх тэнгэртээ айлтгажээ. Мөнх тэнгэр эзэн Хурмаст тэнгэрт очиж гав ваартай уснаас нь ганц хоёр шанага авья гэв. Тэр үгийг туламны эзэн эмгэн сонсоод: Ганц хоёр шанага усаар яах юм бэ, гурван шанага дүүрэн ус авч ирээрэй гэж дунд тивээс хашгирчээ.

   Мөнх тэнгэр эзэн Хурмастын хаанд очоод: - Дунд тивд гал түймэр гараад унтраах ус олдохгүй байна. Гав ваартай уснаасаа хэдэн шанага ус өгөөч гэтэл: - Аа, тийм үү? Гав ваарнаас хоёроос илүү шанага ус битгий аваарай гэжээ. Мөнх тэнгэр эзэн эмгэний хэлсэн ёсоор гурван шанага ус аваад дэлхий дээгүүр цацжээ. Туламны эзэн эмгэн Мөнх тэнгэр эзэнд бараалхан: - Дэлхий усаар бүрхэгдсэн байна. Одоо яах вэ гэвэл, - Тэгвэл тэр усны гуравны нэгийг тулманд хийгээд ав гэвэл, ёсоор болгож хуурай газар буй болгожээ. Газар буй болсон хэдий ч дэлхий дээр хүн амьтны мөр үзэгдэхгүй байна гэсэнд, эмгэнд үг заан Лусын хаан Лүмбүнгаравд хэлүүлж: - Дэлхийд мод ургамал ургаж гүйцсэн бол дутуу байгаа могойнуудын тоо гүйцсэн байх учиртай. Шинэ мянганд шинэ зууныхаа могойн чуулганыг хийлгээрэй, тэгвэл дэлхийн хүн амьтан буй болж, аз жаргал дэлгэрэх болно гэж айлдав.

      Лусын хаан Лүмбүнгарав Мөнх Тэнгэр эзний зарлигийг өндөр уулын оройд гарвал чих соргог байдаг гээд, уулын оройгоос сонсож мэдээд, могойнуудаа түргэн цуглар гэж дуудвал, мянга мянган могой тал бүрээс харвасан сум мэт цуглараад зуун найман хөлтэй хаш чулуун ширээ мэт болоод цогцлов. Лусын хаан Лүмбүнгарав тэрхүү ширээн дээр гараад өдрийн наран мэт гэрэлтэж, арван тавны саран мэт тэгш сайхан манхайн сууж, шинэ зууны могойн чуулганаа нээж мянга мянган могойнуудаа талархан магтаад, могой бүр авсан гээсэн, үзсэн сонссоноо бүгдийг хэл гэж зарлигдав. Зарлигыг сонсоод, мянга мянган могой нь магнай тэнийн баярлаж, шинэ зууны могойн чуулгандаа хэл хурц, үг мэргэн чуулъя гэжээ.

Эхний мянган могой: - Авах үгийн хэсгээс хэлж болох уу гэв. Лүмбүмгарав хаантан: За, гэвэл:

Эхний могойн үг :

    Эрдмийн амтыг чин бат зоригоор авууштай ,

   Олон мэргэдийн эрдмийг бахтай сайхан үгээр авууштай,

   Олон хүний дур сонирхлыг баясгалант сайхан зангаар авууштай гэлээ. Дараачийн мянган могой нь гээхийн санааг хэлюү гэв.

    Буруу увидасыг заагч багшийг гээгүүштэй.

Ачийн хариуд хор хүргэгч чивэлт садныг гээлтэй.

Хилэнцэт нөхрийн явдлыг гээлтэй.

Алдар нэрийг гутаагч муу явдалтныг гээлтэй гэв. Дараачийн мянган могой: Юу тустай болохыг хэлюү гэв.

    Далд урлагийг гийгүүлэхийн төлөө холч мэргэн ухаантны зарлигийг бясалгавал тустай. Энэ ба хожмын үйл явдалд мэргэжихийн тулд хэдий чинээ сурч боловсорвол тустай. Сөнөшгүй түймэр мэт хөнөөх, хорлох тэмцлийг гээвэл тустай.

Гүйцэшгүй ашиг хонжоогоор олзыг тэвчвэл тустай гэв. Дараачийн мянган могой: Худал гэж юү болохыг хэлюү гэв.

    Нүүр харж өргөдөг хүндлэл худал

Дэлгэр цагт олноор хуурдаг амраг садны хэлхээ худал,

       Суралцахдаа багшгүй бол ном сурах нь худал,

Элдэв омогтой нөхрийн хайрлах нь худал гэнэм билээ гэв. Дараачийн мянган могой нь юу амар болохыг хэлюү гэв.

    Олонд тус хүргэгчдийн бие амар,

       Осолтой муу явдлыг тэвчигчдийн санаа амар,

Олз гарз үл бодогчдын эдлэл амар,

Шударга зөөлөн явагчдын явдал амгалан гэв. Дараачийн мянган могой нь юу зовлонтой болохыг хэлюү гэв.

    Судлуулавч үл авах мунхаг шавийн багш зовиуртай,

Сонсовч үл авах муу хөвгүүний эцэг зовиуртай,

       Сургавч үл авдаг хэнэггүй ардын ноён зовно,

Сонживч үл цээрлэх эмийн эр зовно гэв. Дараачийн мянган могой нь үл тасрахын үйл юу болохыг хэлюү гэв.

    Өсөрхөх санаа агуулагчдын уур хилэн үл тасрана,

       Өслөх сэтгэл өвөрлөгчдийн хорлох сэтгэл үл тасрана

Үүрд ханилж чадахгүй бол баясах гомдох нь үл тасрана гэв.

Дараачийн мянган могой нь үл тооцох гэж юү болохыг хэлюү гэв.

    Амьдрах үхэхийг үл бодогчдын эд баялгийг үл тооцно,

Эрдэмгүй бол авах гээхийг үл мэдэгчийг цэцэнд үл тооцно, гэнэм билээ гэв.

За ингээд могойн чуулган завсарлаж байна. Олон могойнууд тал бүртээ тарж одвоо.

     Лусын хаан Лүмбүмгарав могойнуудын ахлагч том могойнуудыг чуулгандаа иртүгэй гэж зар тараажээ. Шинэ мянганы эхэнд шинэ зууны могойн чуулганд могойн ахлагч том могойнууд хуран цугларчээ. Могойн ахлагч нэг том ноён могой цаасан шувуу юү ярихыг сонсоё гэж. Бас нэг том ноён могой Цаасан шувуунаас асууя гэв. Тэгээд бас нэг том ноён могой Цаасан шувуунаас: Хийхэд хялбархан юү байна, ямар юм олон вэ, юу цөөн бэ, муухай сайхан юу байдаг вэ гэв.

     Муу үйлийг хийдэг олон, сэрэмжгүй муу заяатан олон,

Үл мэдэгч муухай, саруул ухаан сайхан

Өөрийн биеийг үл өмөөрдөг хүн цөөхөн гэлээ. Бас нэг том ноён могой: Юу хортой, юу тустай вэ гэхэд, 

     Өст сэтгэл хортой, сайхан сэтгэл тустай гэв. Чин сэтгэл сайн, номгүй хүн муу

Энэ нас худал, аав, ээж, багш гурав үнэн гэж.
Бас нэг том ноён могой баян болох, гуйлгачин болох, олз олоход юу хэрэгтэй вэ гэв.

     Баян бол дайсныг ч болов номхотгоно, гуйлгачин бол эцэг эхийг ч болов орхино

Олзтой бол биеэ хөлсөлнө гэв.

Бас нэг том ноён могой дурлах, зохилдох, буруудах гэж юу вэ гэвэл,

     Дурлавал гуйлгачинг ч болов багтаана, зохицвол адтай ч болов нөхцөнө,

Буруудвал дээдсийг ч болов доромжилно гэж. Бас нэг том ноён могой зарим нэг үйл явдлыг хэлюү гэв.

     Зарим мэргэд алдрыг эрмой гэлээ, зарим ноёд зэргийг олоод дайсантай нийлнэ.

Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйрнэ, зарим эр атаа заргаар хамаг юмаа барна,

Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно,

Хөвгүүд нь эцгийн үгийг үл сонсоно, хүүхэн хүн эхийн сургамжаар үл явна

Хүүхэн хүн эцэг эхээс илүү эрийг өрөгмой гэнэ, хүү хүн хураахаас тараах нь илүү гэнэ,

Хөгшин нь залуугаа басамжилна, залуу нь хөгшинөө үл тооно,

Настай нь далд орохыг хүснэ, үхэхийг унтахын төдий үл санана.

Авах бол уулын чинээн боловч чамлана, өгөх бол атгын төдий ч харамлана

Цухалдвал өөрөө боож үхнэ, нөхцвөл хүний төлөө байх юмаа барна,

Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ, итгэсэн саднаас уурлавч салж үл чадна,

Чөлөөгүй боловч жил будаа авахаар явна, чөлөө байвч аварлын оронд үл очно,

Дээдсийг асуухад л хэлнэ, амрагийг эс асуувч шивнэнэ,

       Бусдын гэмийг уул мэт үзнэ, өөрийн гэмийг тоосны төдий үл шинжинэ

Дээдэстэй зөрчилдөнө, нөхөдтэй тэрсэлдэнэ, дорд явагчдыг дарлана,

Аргатай нь явна, аргагүй нь алдана,

Сайн хүн ганцаардана, шалиг хүн омогтой болно,

Олонтой учрахдаа ярина, ганцаар явахдаа дуулна,

Үнэн үгтэй бол омогтой тоонд орно, башир үгээр мэргэдийн суудалд сууна,

Эд эвдрэхийг үл хайрлана, эв эвдрэхийг хайрлана,

Хүний мууг хэлэхээс айна, сүнс зовохоос үл айна, тусын хариуд хор хүргэх нь олон,

Номыг мэдэвч бүтээх хүн цөөн, хүсэвч сайн явах хүн цөөн,

Зусар үгэнд баярлах нь олон гэж багагүй зүйлийг ярилаа. Бас нэг том ноён могой хэрэгтэй хэрэггүйн учир юу вэ гэж Цаасан шувуунаас асуув:

    Нөхрийн дээд сэрэмж мөн боловч эцэг, эх, багш гурван ачтанаа бүү хард,

Эрдмийн дээд эв мөн боловч нүгэл үйлдэгчдээс зайлж яв,

Ухаангүй хүнд сургаал хэрэггүй, өөрийн биеийг тоогч хүнд сургаал хэрэггүй,

Бусдын гэмийг отогч хүнд сургаал хэрэггүй, шунахай хүнд сургаал хэрэггүй,

Гангалагч хүнд сургаал хэрэггүй, ихэс дээдсээс зугтагч хүнд сургаал хэрэггүй,

Башир бачтай хүнтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй,

Гэмгүй нөхөртөө жөтөөрхөгч хүнд сургаал хэрэггүй,

Эд малаа худалдаад хоосрогч хүнд сургаал хэрэггүй,

Энэ хойтын үйлийг үл бодогч хойшлогогүй хүнд сургаал хэрэггүй.

     Бас нэг том ноён могой Цаасан шувуунаас сургаал ямар хүнд хэрэгтэй вэ гэв:

    Учрыг ухах саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй,

Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй,

Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй,
Зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй,

Олон эзэд ноёдыг хүндлэгч хүнд сургаал хэрэгтэй,

Олон нөхөдтэй эвтэй явагч хүнд сургаал хэрэгтэй,

Үхэх өвдөхийн зовлонг мэдэгч хүнд сургаал хэрэгтэй,

Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй гэж.    

Бас нэг том ноён могой ямар юмыг сургаж болох вэ гэв:   

     Зоригоор бус үнэнээр явдаг бол сургаж болно.

Зориуд бус халамжлах сэтгэлээр явдаг бол сургаж болно,

Зовлонт үйлээс зайлж явдаг бол сургаж болно.

Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай бол сургаж болно,

Үлэмж мэргэн эс боловч омог сэтгэлгүй бол сургаж болно гэв.

    Бас нэг том ноён могой гадна, дотно хэлний үг, нууц сэтгэлийн чиг гурав, гадаад амины аж төрөх дотоод их бага төрийн нууц явдал, жаргах цагт санах, зовох цагт хатамжлах сэтгэл, дээдийн номыг бүтээхэд ямар зэрэг явбал болох вэ? гэв:

    Ёстныг хүндэл, настныг баярлуул, ачтанаа өргө, бачтанаас зайл, сайнаас битгий сал! Олныг бүү арилжаарай, огт бүү харамла, зөрүүдэлж дээдсээс бүү салаарай, алах нөхөртэй бүү нөхцөөрэй, зүйл бүрийн хувцас битгий өмс! Зүг талгүй битгий гайхуул, хэгжүүрхэж омог бүү үүсгэ, хэрүүл битгий гарга, олон янзаар битгий урва, хожимдож нөхөргүй битгий суу, саваагүй тоглоом битгий тогло, санамсаргүй үг битгий хэл, муу санаатантай эвэлж бүү зөвш, эвдэрч олон зан бүү гарга, хордож бусдын гэмийг бүү малт, хэрэггүй үг битгий зөө, элдэв

хуурмаг башир үг битгий хэл гэв.

    Бас нэг том ноён могой сэтгэлийн чин зориг гэж юу вэ гэв.

    Сэрэмжгүй бүү залхуур, шинжлэлгүй бүү сэтгэ, нөхрийг гэнэт бүү итгэ, гэнэдэж хүнээс бүү урьд, буруу юмыг битгий өмөөр, бусдын юманд битгий шуна, дээрэнгүй зан бүү гарга, чөлөөгүй гэж бүү алгас, бузар хилэнцийг бүү үйлд, чадалгүй байж бусдыг бүү дайр, магад дээдсийг олж нөхөрлө, муу явдалтнаас насан турш хол яв! Санасан бүрийг бүү ярь, салах учрахад бүү гомд, буянтнаас битгий холд, хүнийг хайрлах сэтгэлийг бүү март, самуун хүнтэй бүү учир, санасан бүрийг илтгэж тэр энэ гэж эрэлхэж тэгнэ ингэнэ гэж бүү зарла. Сонжвол бүү уурла,

сонирхож бүү урва, өгвөл эд мөн, сахивал тэвчээр мөн,

    Хүлцвэл хуурмаг мөн, хичээвэл бат мөн, эс мартвал бясалгал мөн,

Мэдвэл оюун ухаан арвижина, мунхаг хүнийг оролдвол өөрөө гутна гэв. Бас нэг том ноён могой болох болохгүй юм юу вэ? гэв.

     Хүсэлтэй хүнийг чанга хориглодоггүй аргаар номхруулдаг, ууртай хүнд ширүүн үг хэлдэггүй учиртай үгээр ятга, омогтой хүнийг нэр цолоор баясга, дээрэнгүй хүнийг битгий хэрэгс, атаач хүнд манж зан гарга, харамч хүнтэй арилжаа бүү хий, зусарч хүнтэй нөхөрлөвөл дорд суудлыг барь, ховч хүний үгэнд битгий итгэ, их хүнийг яс дотор сайхан хүндэл, ядуу хүнд бага боловч юм өг, өр бүү хий, өглөг бүү тасал, хулгай битгий хий, олноос зөвш өөрийн санааг сүүлд хэл, санавал бүү март, хэлбэл битгий буц, хүний хэргийг буруу битгий шийд, хүнтэй

 чиг сууж сууж сайхан зангаар ярилц, хэрэв хамт яваа нөхөр чинь буруу хараад сууж байвал үг битгий ярь, гэнэдэж осолд оров сэрэмжил гэв. Бас нэг том ноён могой номын ёсны сургаалыг хэлнэ үү гэв.

       Өөрийн биеийг торноос гарсан шувуу мэт алс холч бодлыг шүт, муу үгийг хятад хив мэт боо, буянтай сэтгэлийг амь мэт хайрла, үйлдсэн нүглээс хор идсэн мэт хашир, нүгэл үйлдэгч нөхрөөс аварга могой үзсэн мэт зайл, сэтгэлийн эрдмийг яст мэлхийн гишүү мэт нуу, урсгал зөөлөн занг мөрний урсгал мэт үргэлжлүүл, ганц зоригийг буун сум мэт чиглүүл, тангараг тэвчээр хоёрыг шил толь мэт хайрла, өөрийн биеийн гэмийг салхинд хийсгэ, зөв бол дайсан мэт боловч үйлд, буруу бол хааны суудалд суувч зайл, буян болох бол хилэнц мэт боловч үйлд,

нүгэл болох бол буян мэт боловч тэвч гэж хэллээ.

Бас нэг том ноён могой нэг юмны учрыг хэлж өгнө үү гэв:

      Хүнтэй адил боловч зовлон болох юмтай бүү учир, галзуутай адил боловч дээдэс төрөлхтөн бол шүт, билэгтэй бол юм бүхэн эрдэм болно, хичээвэл бүтэхгүй юм нэг ч үгүй, бодь сэтгэлтэй бол амьтан бүхэн нөхөр болно. Эрдэмтэй бол чулуун хорыг эм болгож өвчнийг эдгээнэ. Шимтэй бол өчүүхэн ч юм эрдэм болно. Хорхой тэжээвэл шүлс нь магнаг торго болно. Бодь сэтгэлтэй бол нялх ч боловч олныг айлгана, Ухаан сохор бол санаа сохор гэдэг. Хууль мэдэхгүй бол хүн мануухай болно. Хүн мануухай болбол хэвтээ залхуу болно. Гэртээ эвдрэлцдэг бол гэрийн дайсан, Гэрийн дайсан бол ёс төрийг мэдэхгүй болно. Биеэ засаж чадсан хүн төр ёсыг барьж чадна. Сайхан амраг байвч санаагий нь мэдэх учиртай, сайн таньдаг муу нөхрөөс таньдаггүй сайн нөхөр дээр, итгэж үл болох хүнээс эрхий хуруу итгэлтэй, хүний гэм нь урдаа гэмшил нь хойноо байдаг, таньж мэдэхгүй боловч зовлонд учирсан цагт хайрлаж тусалбал хүний сайн чанар мөн гэж Цаасан шувуу хэлэв. Лүмбүмгарав хаантан цаг цагийн үйл явдлыг ярина уу гэв.

Сайн нөхрийн үг ширүүн боловч хүлээж явууштай

Санаа муутын үг ширүүн боловч сэрэмжлэх нь явууштай

Санасан үгээ бичээд мэргэдээс асуух нь зөв

Саруул дээдсийн ачлалыг хариулах нь зөв

Ачгүй байж үнэрхэх нь буруу

Сайн мэдэхгүй байж цэцэрхэх нь буруу

Хүнээс дор байж хүчирхэх нь буруу

Хэмжээтэй эд малтай байж хэтрүү баярхвал буруу

Буян болохгүй үйлэнд дурлавал амар жаргал тарна

Буянтай сайн үйлийг хичээвэл буруу мөр таарахгүй

Бусдын эд таваарт шунавал олзны сав хоосорно

Буруу санаатантай нөхөрлөвөл сайнаас хагацна

Түрэмгийлэн эзлэгч ноёдын зориг хатуу

Эвтэй үг хэлдэггүй хэрүүлчийн ам хатуу

Эцгийн орныг барьсан шивэгчний гар хатуу

Эрийн толгойг мэдсэн эхнэрийн царай хатуу

Төр ёсыг дагадаг ноёдын зориг зөөлөн

Төрөлх явдалтны ая зөөлөн

Тавьтаргүй муу явдалт эхнэрийн хэл зөөлөн

Мөнх бусыг үзэх хүртэл зорьсон буян мөнх

Хулгай, худалд үл автахын тул сонссон эрдэм тасралтгүй

Буруу мөрт үл автахын тулд үл одох авирлангүй нярваан мөнх

Буцалтгүй магад амсах үйлийн үр мөнх

Бат оршдоггүй энэ нас хэврэг

Үүрд хамт явдаггүй садан төрөл хэврэг

Болзоогүй жаргал зовлон хэврэг

Эцэст барагдах хураасан бүхэн хэврэг

Эрдэмтэй бол түүнд тус бий

Эв аятай бол тэдэнд нөхөд бий

Эд таваар ихтэй бол түүнд харам бий

Хэн эрх мэдэлтэй бол түүнд хилэнц бий

Эрдэмгүй хүнд олз ирэхгүй

Энэрэлгүй хүнд амраг олдохгүй

Эд мөнгөгүй хүн хүчин мөхөсдөнө

Эрх мэдэлгүй хүнд бач үл байна

Дээдийн номын ёсоор явбал үйл явдал сайжирна

Осолтой муу явдлыг тэвчвэл сайн

Олны тусыг боддог мэргэдийн санаа сайн

Бусдын үйлийг бүтээгчдийн чадал сайн

Аав ээжийг үл шүтэгчдийн заяа муу

Үйлийн үрийг үл хайхрагчдын ухаан муу

Үргэлж шунал дарангуйтай нийлэгчдийн заяа муу

Өчүүхэн олзонд баясагчдын хишиг дутмаг

Төгс оюунтны ёсыг эдлэгчдийн сайн алдар дэлгэрнэ

Тэнэг мунхгийг дагагчдын муу нэр дэлгэрнэ

Буян хөнөөн тэмцэгчдийн хэл ам хэцүү

Хэтэрхий сайрхагчдын омог хүчин буурдаг

Хэтэрхий муу санавал төрөл садан холдоно

Гоёмсог эд таваар эдлэгчдийн эд таваар буурдаг

Хэрэггүй үйлэнд дурлагчдын нас буурдаг

Хайрлан тэтгэх санаатанд нөхөр олон

Харгис муу санаатанд өшөөтөн олон

Ханаж цаддаггүй сэтгэлтэнд эд таваар олон

Хазгайгүй тогтоох оюунтанд сурах эрдэм олон

Харамлан хадгалагчдын хэрэг үйл олон

Хорлох санаатанд янаг нөхөр цөөн

Хорон муу санаагаа тэвчигчдэд өшөөтөн цөөн

Хомхой шунаг сэтгэлтэнд эд мал цөөн

Шунахай санаа ихэдвэл олз ашиг цөөн

Гүн ухаантны сэтгэлийг гүйцэд мэдэхүйд бэрх

Гэгээн оюунтны судалсныг эндүүрэхэд бэрх

Тустай сайн явдлыг хичээгчдийн буурах нь бэрх

Олзонд шунах муу сэтгэлтний санааг таахад хялбар

Уур омгоор урьтаж, бүрэлгэж сүйтгэхэд хялбар

Хүндлэл олзонд баясахад хялбар

Шилдэг дээд оюунтны гомдох нь удаан

Шударга төв сэтгэлтний баясах нь удаан

Шулуун сайн зантны уурлах нь удаан

Шим сайн сэтгэлтний үнэрхэх нь удаан

Гэмгүй цагаан сэтгэлтний сануулах нь түргэн

Гэнэн зөөлөн бодлоготны хууртах нь түргэн

Хэт муу санаатны хорлох нь түргэн

Хэтэрхий хорлогчдын үхэх нь түргэн

Зөв мөрийг заан таниулах багшийн ач үнэн

Зөөж хурааснаа харамгүй идүүлдэг эцэг эхийн өршөөл үнэн

Зовлон авираар тустай үг хэлдэг ах дүүгийн хайр үнэн

Зовох цагт тус хүргэдэг сайн нөхрийн тэтгэмж үнэн гэж

цаасан шувуу олон зүйлийг дараалан хэллээ. Сайн үйлс дэлгэртүгэй! 

   Газар лусын эзэн Лүмбүмгарав хаанд Цаасан шувуу:

Хорьдугаар зуунд ямар үйл явдал болов гэвэл,

   Тэгш юм тэгш бус, эвтэй юм эв бус болж авах гээхийг мартаж өлсөх, үхэх, өвчлөх, хүн чанараа алдах, тэмцэл дажин болох, хүний оюун ухаанд оршдог хар цагаан бодлын хар нь дийлбэл муу, цагаан нь дийлбэл хүний оюун ухаан аривжина, хар цагаан бодол тэнцэж байвал хүний чанар сайжирах учиртай гэлээ. Лүмбүмгарав хаанд Цаасан шувуу:

    Танай ноён могойнууд яагаад мянган сүүлтэй байгаа юм бэ гэвэл

Дүнжингарав хаан:  Дээрээ нэг толгойтой нэгдмэл хуультай байвал бутарч задрахгүй байхын учир тэр гэв. Цаасан шувуу:- Чингис хаан дэлхийн талыг морины хурднаар эзлэхдээ ахуй төрдөө хичнээн улсыг багтаасан вэ гэвэл

    Чингис хаан улсыг эзэлж авахын тулд хүч хэрэглэсэн биш олон толгойтой түрэмгий шунахай ноёдын засаглалыг дарсан билээ гэвэл, цаасан шувуу: Лүмбүмгарав хаантан та нэг асуудлыг орхив уу гэвэл

    Чингис хаан төрийн алтан жолоог барьж байх цагтаа 360  гаруй ястан үндэстэн, 120 гаруй хэлтнийг багтаадаг байсан юм гэлээ.

    Цаасан шувуу тэр олон хэлтнийг эв нэгдэлтэй болгоход хууль цааз хэрэглэвүү гэвэл Дүнжингарав хаан: Мориноосоо буугаад улс орныг төвхөнүүлэхэд хэцүү гэдэг боловч хүчээр биш тэнгэр ухаанаар итгэл олсон юм гэв.

    Тэгвэл тэр үед Чингис хаан ямар үеийг туулж өнгөрсөн вэ гэж цаасан шувуу асуувал: Чингис богд эзэн боолын нийгмийг алгасч, Их хуралдайтай, эрдэмтэн, мэргэдийн зөвлөлтэй, хамжлагат ёсны, хувийн өмчтэй эзэнт улсыг байгуулсан юм билээ гэв.

    Хятадын хууль ёсыг хоёр зуун жил дагасан ч Монгол ёсоо орхиогүй явсаар цагийн эргэлтэнд эрх чөлөөт Монгол улс гэгдэж, яван явсаар тусгаар тогтносон Монгол улс болж чадлаа.

   Чингисийн Монгол -Эзэн богдын 9 хөлт цагаан тугийн дор эвлэлдэн нэгдэж, бат түвшин орших учиртай. Энэ бол ёс төрийн сургаал мөн. Ардчилсан эрх чөлөөтэй, эв нэгдэлтэй, хамтарсан хувийн өмчтэй, айл бүхэн таваг дүүрэн идээтэй, тогоо дүүрэн хоолтой, сая саяар тоологдох алт мөнгөн зоостой, нар салхин эрчим хүчний цахилгаан хэрэгсэлтэй, хэрэглэгч бүхэн өндөр мэргэжилтэй, хол ойр, ил далд, хаа явсан ч харилцах чадалтай үүрэн телефонтой, гэр, байшин сүндэрлэж, гадаадад явахдаа аль ч улс оронд чөлөөтэй нэвтрэх болно.

    Даян дээрхийн бөхийн дуудлагатай аврага хүчтэй бөхчүүдтэй, өндөр боловсролтой, эв санаа нэгтэй батлан хамгаалах хүчтэй, хүчирхэг баян улс болон хөгжиж, эд мөнгөний баялгаараа дэлхийг байлдан дагуулах юм гэж Цаасан шувуу хэлэв.

    Цаасан шувуу Дүнжингарав хаанд хүндэтгэн ёслоод: 

-Дараачийн могой жил 2013 онд болно. Тэр цагт “Найман настай хоёр хүүгийн аян замын барцад ба оюун ухааны учрал“ гэсэн ном бичигдсэн байх учир түүнийг одоо үед эхлэх болно. Чуулганы төгсгөлд ёст шүүмжлэгч, зөнч мэргэн хүмүүн минь саар мууг орхиж, сайн үйлс бүхнийг дэлгэрүүлж байвал мунхаг харанхуйн зовлон арилах болно гэж хэлээд дэлхий дээгүүр нисэн одовоо.

    Хүний оюун цагийн жамыг дагаж өөрчлөгддөг болохоор ирэх цагийн сэтгэхүйгээр 2001-2013-2О25 онд зориулж 3 удаа урьдчилан бичих санаатай. Өөрийн чадал хүрвэл сонин дурсамж ...

 

                                                Боржигин Чимэдийн Самбуу. 2003 он.  

 

 

 

                       

Язгуурын тэнгэр 24 дэх дээд үеийн Боржигин овгийн хатан ээжээс үндэстэй Ар халхын Абатай сайн хааны удам Түшээт хан аймгийн Их Тамирийн Харчин занги, Долигор хатны найм дахь охин Чимэдийг хатнаа болгож Галсансамбуу хүү төрсөн бөгөөд найман наснаас өнчрөл хагацлыг үзэн нэрээ халж Самбуу болоод амьдралын төөргөөр 82 наслан байхдаа үр, ач бидэндээ сургаал номоо бичиж үлдээгээд 2003 онд тэнгэрт халив.

Миний өвөө цаг төрийн байдлаас өртөөд эзгүйрэхэд  Харчин өртөөг засахаар нутгийн ардын хамт дайчлагдан очиж Говь гурван сайхан, Шанх уулын энгэрт хаваржиж байхдаа ардуудаа босгон 100 гаминг дарж байлдаад хөлдөө шарх олон түүний улмаас мөнх бусыг үзүүлжээ.

 

                      Мөнх тэнгэр өвөг дээдэс минь үр, ач биднийгээ өршөө!

 

 

              С. Болдбаатар.  Конкорд хот. 2010 /02/11


бичсэн: boldbaatar | төрөл: 2010-12-23 өдөр 01:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив

idiomatic-dormant